Богд Өндөр гэгээн Занабазар хутагтын зохиосон Жанлавцогзол номыг монгол хэлээр хурна.
Монголын Бурханы шашны төв Гандантэгчэнлин хийдээс Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо тунхаглан зарлахад үнэтэй хувь нэмэр оруулсан VIII Богд Жавзандамба хутагтын ач гавьяаг сануулж, түүний эх орныхоо төлөөх зүтгэлийг үнэлэх, түүхэн сургамжийг өнөө үеийн залуусын ухамсарт хүргэх эв нэгдлийн уриалга дэвшүүлсэн билээ.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар хутагтын зохиосон Жанлавцогзол номыг монгол хэлээр унших ёслол Монгол бөхийн өргөөнд болно. Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж эл номын утга агуулгыг нийтэд тайлбарлах ажээ.
Наймдугаар Богд Жавзандамба хутагт болон Өндөр гэгээн Занабазарын үлдээсэн оюун санааны өвийг өнөө үеийн залууст таниулах, өв соёлоо хамгаалах үйл хэрэгт залуусын оролцоог идэвхжүүлэх нь чухал хэмээн үзэж байгаа юм.