Гааг хот дахь Олон улсын эрүүгийн шүүхийн хохирогчийн өмгөөлөгч Н.Орчлон
Хүний эрхийн үндэсний комисс, Тогтвортой хөгжлийн төлөөх сэтгүүлчдийн клуб хамтран “Хүний эрх хамгаалагчдийг хамгаалцгаая” хэлэлцүүлэг зохион байгуулж, ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Гааг хот дахь Олон улсын эрүүгийн шүүхийн хохирогчийн өмгөөлөгч Н.Орчлон нар илтгэл тавьж, сэтгүүлчидтэй чөлөөт яриа өрнүүлээ. “Дайны гэмт хэргийн хохирогчдыг хамгаалах нь” сэдвээр илтгэл тавьсан Н.Орчлон хуульчийн хүний эрх хамгаалагч болон гэрч хохирогчийг олон улсын шүүх дээр хэрхэн хамгаалдаг, Орос Украйны дайны хор уршиг, олон улсын шүүхээс баривчлах шийдвэр гаргасан ОХУ-ын Ерөнхийлөгч Путиныг Монгол улс хүлээн авсан нь хууль зөрчсөн үү зэрэг сэтгүүлчдийн тодруулсан асуултад хэрхэн хариулсныг хүргэж байна.
- Олон улсын эрүүгийн шүүх хүний эрх хамгаалагч болон гэрч, хохирогчийг яаж хамгаалдаг вэ? Монгол Улсын хувьд нөхцөл байдал ямар түвшинд байна гэж та дүгнэх вэ?
- Монгол Улс хүний эрх хамгаалагчийн тухай хуультай болсон цөөхөн улсуудын нэг. Эрх зүйн орчин харьцангуй сайн бүрдсэн. Энэ хуулиа сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. Хууль хэрэгжүүлэх гэдэг чинь төсвийн л асуудал. Хууль батлах бол эхний алхам. Хэрэгжүүлэх ажил нь төсөв дээрээ л тулдаг байхгүй юу. Ер нь эрх баригчид хууль батлахын зэрэгцээ төсөв санхүүг нь давхар шийдэж байж хүний эрх хамгаалах ажил бодитой болдог. Манай Монгол улс дэлхийн хэмжээний хүний эрхийн бүх конвенцид нэгдсэн орон шүү дээ. Гэтэл хүний эрхийг хамгаалах ажил хангалтгүй байгаа нь ерөөсөө л хэрэгжүүлэх дээрээ төрийн байгууллагуудаа чадавхжуулахгүй, төсөв санхүүг нь баталж өгдөггүйтэй холбоотой.
Ер нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед маш олон хүний эрх ашиг хөндөгдөж байдаг. Хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн нэг эмэгтэйг хүчирхийлсэн гээд хэрэг гарсан. Гэтэл сэтгүүлчид хохирогч нь ирж байна зургийг нь аваад явчихаж байгаа юм. Нөгөө шүүхийн байрных нь шүүгдэгч, гэрч, хохирогч ордог хаалга нь нэг. Хэн ирж байгаа нь шууд мэдэгдэнэ. Нөгөө эмэгтэй хөөрхий нэг том хар нүдний шил зүүчихсэн ирж байгаа юм.
Манай шүүх дээр бол гэрч хохирогчийг оруулдаг хаалга нь тусдаа, нууц байх ёстой. Шүүх хуралдааны танхимд гэрч орж ирж байгаа нь мэдэгдэхгүй, танхимд суусан хүмүүс араас нь л харах боломжтой байдаг. Ялангуяа хүчингийн гэмт хэрэг дээр хохирогчийн хэн гэдгийг нууцалдаг.
Нууцлахаас ч өөр аргагүй. Манайд нууцалдаггүй учраас хүчингийн гэмт хэрэг шийдэгддэггүй. Нууцлахгүй бол хүчингийн гэмт хэргийн хохирогчийн нэр төр хохирдог, нийгмээрээ ярьдаг, хов жив болгодог, буруутгадаг. Тийм болохоор хохирогчийг хамгаалж, бусдад танигдахгүй байх бүх арга хэмжээг авах ёстой. Элдэв янзын халдлага дарамтад өртөхөөс сэргийлж, хамгаалалтад авах шаардлагатай байдаг. Тэгэхээр шүүхийн байрны зохион байгуулалтыг хүртэл өөрчлөхийн тулд төсөв, санхүүг нь шийдэх хэрэгтэй гэсэн үг.
- Манайд төсөв батлуулна гэдэг амаргүй. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд багагүй хичээл зүтгэл гаргаж, эрх баригчдад ойлгуулсны дараа л шийдэгдэх боломжтой. Ямар шийдэл байж болох вэ?
- Төсөв дээр зөвшилцөж болох, зөвшилцөж болохгүй гэсэн хоёр ойлголт байдаг. Зөвшилцөж болох нь эрх баригчдын үзэмжээр шийдэж болох төсөв байна. Харин хүний эрх хамгаалагч болон гэрч хохирогчийг хамгаалах хүний амь настай холбоотой асуудал дээр зөвшилцөж болохгүй, заавал байх ёстой төсөв гэж үздэг. Заавал батлах ёстой. Ямар нэгэн улс төрийн наймаа, тохиролцоо байх ёсгүй. Хүний амь нас, эрүүл мэнд хохирч болзошгүй учраас зарчмын хувьд заавал батлах төсөвт орж явдаг. Ийм жишгийг нэвтрүүлэх ёстой.
- Тантай уулзсаных сэдвээсээ хазайгаад өөр нэг зүйлийг тодруулмаар санагдлаа. Олон улсын эрүүгийн шүүхээс Орос Украйны дайнтай холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг баривчлах шийдвэр гаргасан. Яагаад ийм шийдвэр гаргасан бэ?
- Манай шүүхийг Украйн улс хүлээн зөвшөөрсөн учраас нутаг дэвсгэр дээр нь үйлдэгдсэн гэмт хэргийг таслах хэргийн харьяалал манай шүүх дээр тогтож байгаа юм. ОХУ бол манай шүүхийн гишүүн орон биш. Гэхдээ Украйны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэргийн холбогдогч нь ОХУ-ын Ерөнхийлөгч гэж үзэж байгаа юм.
- ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Монгол Улсад айлчлах үеэр нь баривчлах ёстой байсан уу? Бид олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн үү?
- Олон улсын ямар ч шүүхэд өөрсдийн гэсэн цагдаа гэж байхгүй. Тэгэхээр Олон улсын шүүхээс баривчлах шийдвэрийг тухайн гишүүн орнуудын хууль хүчний байгууллага биелүүлэх үүрэгтэй. Бүх гишүүн улс буюу Монгол Улсыг оролцуулаад Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.
Хууль зүйн зарчим нь бол ийм. Би өөр ямар нэгэн байр суурь илэрхийлмээргүй байна.
Яагаад гэхээр энэ асуудлыг яг одоо манай Олон улсын эрүүгийн шүүх хэлэлцэж байна. Тийм болохоор миний хэлж байгаа байр суурь шүүхийг төлөөлсөн байдлаар ойлгогдох вий гэдгээс эмээж байна. Би бол ерөнхий зарчмын асуудал ярьж байна шүү дээ. Тэгэхээр Монгол улс Олон улсын эрүүгийн шүүхээс баривчлах шийдвэр гаргачихсан хүнийг баривчлаагүй нь хууль зөрчсөн үү гэдэг асуудал яг одоо манай шүүх дээр яригдаж байна. Удахгүй шийдвэр гарна.
- Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд тухайн улс оронд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
- Олон улсын эрүүгийн шүүх байгуулах тухай Ромын дүрмийн дагуу гишүүн орнууд хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Үүргээ биелүүлээгүй буюу хууль зөрчсөнийг нь манай шүүх тогтооно гэсэн заалттай. Тогтоосон тохиолдолд энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр "Гааг"-ийн шүүхийн гишүүн орнуудын гол хуралдах байгууллага Ерөнхий ассемблейд шилжүүлнэ. Энэ Ерөнхий ассемблей нь улс төрийн, хамтын шийдвэр гаргадаг ийм байгууллага. Ямар нэгэн арга хэмжээ авах эрх зүйн боломжтой. Ромын дүрэмд бол яг ийм хориг арга хэмжээ авна гэдэг ч юм уу тодорхой заасан зүйл байдаггүй.
- Ярилцсанд баярлалаа.