Томуу, томуу төст өвчний болон менингококкын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвтэй хамтран томуу, томуу төст өвчний болон менингококкын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Томуу, томуу төст өвчний тархалт нийслэлд улаан түвшинд хүрчээ. Энэ тухай Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч Ч.Уртнасан “Томуу өвчний тархалтын байдлыг үндсэн таван түвшинд авч үздэг. Улбар шар түвшинд долоон аймаг, 13 нь улаан байгаа бол Дорноговь тахлын түвшинд байгаа нь тандалт судалгаагаар илэрсэн. Улсын хэмжээнд менингококкын өвчний батлагдсан нэг, сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдсэн өвчтөний биеийн байдал хэвийн, сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гараагүй байна” гэлээ.
Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгчийн 75 хувийг 15 хүртэлх насныхан эзэлж байгаа аж. Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн
Яаралтай түргэн тусламжийн тасгийн эрхлэгч Э.Доржпагма “Манай төв нийт хүүхдийн 330 ортой, нэмэлтээр ор дэлгэж 600 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Яаралтай тусламжаар хоногт 300-350 хүүхэд ирж үйлчлүүлж байна. Мөн амбулаторид 200-250 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эмнэл зүйн шинж тэмдэг нь халуурах цээж шуугих, таталт өгөх, толгой өвдөх, бөөлжих, булчин чангарах зэргээр илэрдэг”
гэдэг мэдээлэл өглөө.
Өвчлөлийн 90-95 хувийг амьсгалын цочмог халдвар эзэлж байна. Хүүхдүүдийн насны бүлгээр нь үзвэл 0-1 хүртэл 30 хувь, 2-5 нас 50 хувь байгаа бол сургуулийн насныхан 20 хувьтай байгаа аж.
ХӨСҮТ-ийн Вирус судлалын тандалтын эрхлэгч Ц.Наранзул нийт хүн амын 69,2 хувьд томуу, томуу төст вирусийн тархалттай байгаа судалгаа гарсан. Зургаан төрлийн вирус байна гэж мэдээлээд амны хаалт тогтмол зүүх, хүүхдийг шаардлагагүй тохиолдолд гадуур гаргахгүй байх, халуун бууруулах эмийг зохисгүй хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй гэж асран хамгаалагчдад зөвлөлөө.
Б.Лувсанпэрэнлэй