18 Цагийн өмнө.
Сономбалжирын Буяннэмэх сэдэвт маркыг 11 мянган ширхэг хэвлэжээ
Сономбалжирын Буяннэмэх сэдэвт маркыг 11 мянган ширхэг хэвлэжээ

Сономбалжирын Буяннэмэх сэдэвт маркыг зураач Г.Баттөр урлажээ.

Монгол Улсын алдарт гавьяат уран зохиолч Сономбалжирын Буяннэмэх сэдэвт маркын нээлт өнөөдөр Үндэсний төв номын санд боллоо.

Маркт С.Буяннэмэхийн санаачилга, гар бие оролцоотой хийгдэж байсан бүтээлээс дээжлэн "Монголын үнэн” сонин, "Уран үгсийн чуулган" эмхэтгэл, "Монгол ардын үндэсний соёлын зам" сэтгүүл, "Харанхуй засаг" жүжгийн зурагт хуудас, "Алсыг зорьсон алтан загас" хүүхдийн өгүүлэл зэргийг зохиомжлон оруулсан байна.

Маркыг зураач Г.Баттөр урлаж, “Төгөлдөр Буяннэмэх” ТББ-ын тэргүүн судлаач Л.Амаржаргал зөвлөгөө өгч, зураг материалаар хангаж ажиллажээ.

so_buyannemeh Сономбалжирын Буяннэмэх сэдэвт маркийн нээлт өнөөдөр Үндэсний төв номын санд боллоо.

“Монгол шуудан” компанийн Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар “Зохиолч С.Буяннэмэх бол Монгол Улс харийн түрэмгийллээс дөнгөж л салж, тусгаар тогтносон улс төрөө төвхнүүлэх, шинэ соёлын замд орох үед амьдарч байсан урлаг, улс төр, нийгмийн томоохон зүтгэлтэн байжээ. Түүний сэдэвт маркийг бид “Төгөлдөр Буяннэмэх” сан болон бусад эрдэмтэн, судлаачтай хамтран өнөөдөр албан ёсоор гүйлгээнд гаргалаа. Нийт 11 мянган ширхэг хэвлэж, нүүрний үнэ 3000 төгрөгөөр худалдаалж эхэллээ. Мөн дугтуйн үнэ 8000 төгрөг бөгөөд анхны өдрийн дугтуйг 800 ширхэг хэвлэлээ” гэв.  

Марк 30:40 мм, блок нь 105:75 мм хэмжээтэй ажээ. “Төгөлдөр Буяннэмэх” ТББ тэргүүн судлаач Л.Амаржаргал “С.Буяннэмэх нь олон арван тууж, өгүүллэг, жүжиг бичихийн зэрэгцээ хотын Намын хорооны дарга, Д.Сүхбаатарын нэрэмжит клуб, Цэнгэлдэх хүрээлэн, Уран зохиолчдын дугуйлан, Уран зохиолын товчооны даргаар ажиллаж байсан. Мөн "Ардын үндэсний эрх", "Үнэн" сонинд нарийн бичгийн даргаар ажиллаж, "Монгол ардын үндэсний соёлын зам", "Шинэ толь", "Улаан туяа" зэрэг сэтгүүлийг эрхлэн гаргалцаж байсан түүхтэй. Манай сангийн зүгээс түүний үүрэг оролцоо, уран бүтээлийг сурталчлах тал дээр анхаарч, СУИС-ийн Театрын урлагийн сургуультай хамтран ажиллаж байна” гэж ярилаа.

Б.Лувсанпэрэнлэй