Гэрэл зургийг Д.Занданбат
Энэхүү үйл ажиллагааг “Гэрэлт-Анир” ТББ, “Хүүхдийн төлөө мэдээлнэ” уриатай child.mn мэдээллийн сайттай хамтран зохион байгуулж тус төвд хэвтэн эмчлүүлж буй болон өдрийн эмчилгээ хийлгэж байгаа 40 гаруй хүүхдийн өвлийн өвөөгөөс хүссэн хүслийг биелүүлсэн юм.
“Хүслийн шинэ жил” үйл ажиллагааны зохион байгуулагчид
Хавдартай тэмцэж, даван туулж буй хүүхдүүдээс “Өвлийн өвөөд илгээх хүслийн захидал” бичүүлж авчээ. Үүний дагуу хувь хүн, байгууллагууд сайн үйлс бүтээх, хүүхдүүдэд урам зориг, сэтгэлийн дэм хайрлахаар нэгдэж шинэ оны өмнөхөн тэдний хүссэн зүйлсээр бэлэн барилаа. Манай bpress.mn сайтын редакцын хамт олон мөн нэгдэж 25 дугаартай захидлын эзэн гурван настай бяцхан охины өвлийн өвөөгөөс хүссэн зүйлийг бэлэглэсэн юм.
Энэхүү үйл ажиллагаа нь хавдартай тэмцэж буй хүүхдүүдэд урам зориг хайрлах зорилготой. Үүнээс гадна жил бүр нэмэгдэж буй хүүхдийн хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтэд ойлголт өгөх чиглэлээр цаашид ажиллана гэж зохион байгуулагчид ярилаа.
Зөвхөн энэ онд 400 гаруй хүүхэд хавдар өвчнөөр оношлогдсон бөгөөд өнгөрсөн жилээс 100 гаруй тохиолдлоор нэмэгджээ. ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг хавдар судлалын тасгийн эмч Л.Тамир “Нийт 35 ортой үүний тавд нь хөнгөвчлөх эмчилгээ, үлдсэн хэсэгт нь хавдрын эмчилгээ хийдэг. Орны хүлээгдэл үүсдэггүй. Яс, үе, зөөлөн эд, бөөр зэрэг хавдрын шалтгаантай хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байгаа” гэв.