15 Цагийн өмнө.
Богд хааныг гүтгэсэн кино гаргахгүй байхыг хүслээ
Богд хааныг гүтгэсэн кино гаргахгүй байхыг хүслээ

Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдээс өнөөдөр мэдээлэл өглөө.

Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдээс Богд хааны түүхэн үүргийг мушгин гуйвуулсан, кино уран бүтээлийг гаргахгүй байх хүсэлтийг харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлжээ.

Тус хийдийн дэд хамба гавж С.Гантөмөр тусгаар тогтнолын баяр нь шинэ жилийн өдрүүдтэй давхцан болдог тул иргэд мэдлэг мэдээлэл дутмаг байдаг. Гэтэл энэ үеэр Богд хааны түүхэн үүргийн мушгин гуйвуулсан кино гаргах нь залуус түүхээ ташаа ойлгож, тусгаар тогтнолд Богд хааны оруулсан хувь нэмэр, манлайллыг үнэн зөвөөр нь таньж мэдэхэд сөрөг нөлөө үзүүлж байна. Иймээс социализмын үеийн үзэл суртал шингэсэн, Богд хааныг гүтгэн доромжилсон, түүхийг гуйвуулсан кино уран бүтээлийг тусгаар тогтнолын баярын өдрүүдээр гаргахгүй байхыг уриаллаа.

IMG_2447 Гандантэгчэнлин хийдийн дэд хамба гавж С.Гантөмөр

Гандантэгчэнлин хийдээс тусгаар тогтнолын үнэ цэнэ, түүхэн ач холбогдлыг олон нийтэд таниулах, уламжлалт соёлоо хадгалан хамгаалах зэрэг олон ажил өрнүүлж байгаа аж. Мөн тусгаар тогтнолын баярыг өргөн дэлгэр тэмдэглэх тал дээр цаашид анхаарах шаардлагатайг хэлсэн юм.  

Гандантэгчэнлин хийдийн олон нийт хариуцсан тэргүүлэгч А.Батгэрэл:

Наймдугаар богд Жавзандамба хутагтын удирдлага зохион байгуулалт, түүний үүрэг оролцоотой холбоотойгоор энэ жилийг “Эв нэгдэл” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлнэ.Тухайн баярын өдөр буюу арванхоёрдугаар сарын 29 ний өдөр , Богд хааны ордонд Жавзандамба хутагтын эсрэг дүрийн өмнө мандал өргөн хадаг өргөнө. Түүнчлэн Гандантэгчлэн хийдэд “Арван Богдын Донжид” хэмээх хурал хурж Богд хаант улсын далбааг залж, улмаар монгол орон даяар монголчуудын эв нэгдлийг бэлгэдсэн “Цагийг Дөвөхнүүлэгч Жанлавцогзол” номыг бүх лам хуврагууд уншина.

1911 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Монгол улс манжийн дарлалаас чөлөөлөгдөж Богд Жавзандамбыг шашин төрийг хослуулан баригч хаанаар өргөмжилсөн түүхтэй билээ.

Сэтгүүлч: Б.Лувсанпэрэнлэй