2 Өдрийн өмнө.
Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлнэ
Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлнэ

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Уг төмөр замыг бүтээн байгуулснаар Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, улмаар Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг төмөр замаар холбох нөхцөл бүрдэж, боомтын нэвтрүүлэх хүчин чадал 2030 оноос 80 сая тонноор нэмэгдэх ач холбогдолтой юм.

УИХ-ын тогтоолын төсөл батлагдсанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын хэлэлцээр байгуулснаар төмөр замаар экспортлох ачааны хэмжээг жилд 30 сая.тн түүнээс дээш, Тавантолгойн ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая.тн хүртэл өсгөж, нүүрс борлуулалтын орлогыг жилд 1,5 тэрбум доллараар нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

Ураны төсөл  дээр төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тусгай төлбөрөөр орлуулах тухай хэлэлцэнэ

Улсын Их Хурлын энэ оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028  оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан 14 мега төслийн нэг болох Монгол, Францын хамтарсан ураны төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох хувилбарыг судалж байна.

Тодруулбал, тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа болон ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах талаар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн оны 10 дугаар сард Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр манай улсын Засгийн газар болон Орано Майнинг САС хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсгийн хэлэлцээний протоколд өнгөрсөн оны аравдугаар сард талууд гарын үсэг зурсан юм.

Тогтоолын төсөл батлагдсанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т заасан Зөөвч-Овоо, Дулаан уулын ураны ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, Монгол, Францын хамтарсан Ураны төсөл хэрэгжих боломж бүрдэнэ.

tuslvvd Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” болон Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд тус тус өргөн барилаа. 

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон технологийг нутагшуулна

Ирэх оныг "Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил"-ээр зарлав

Засгийн газрын тогтоолоор “Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил" болгон зарлаж, энэ хүрээнд хийх ажлын төлөвлөгөө гаргах, салбар дундын уялдаа зохицуулалтаар хангах ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийг 2025 оны нэгдүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулахаар болжээ.

Уг тогтоол гарсантай холбогдуулан нийслэлийн агаар, орчны бохирдол, түгжрэлийг бууруулах үйл ажиллагаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу хөнгөлөгдөх албан татварыг нийгмийн хариуцлагын хүрээнд зарцуулах арга хэмжээг холбогдох хууль тогтоомж, дүрэмд заасны дагуу хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

Ирэх оноос эхлэн нийслэлд ногоон шилжилтийг эрчимтэй хийж эрчим хүчний хэмнэлттэй ногоон технологийг нутагшуулан, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, агаар, хөрс, орчны бохирдлыг багасгах байгаль орчинд ээлтэй төслүүдийг дэмжиж, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэн, эх үүсвэрийг өргөн ашиглах шаардлагатай. Үүнд банк, санхүүгийн байгууллагуудын оролцоог хангаж, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, мэдээлэл, сурталчилгаагаар дамжуулан байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжих юм.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар

Сэтгүүлч: Б.Нарантуул