Агаарын чанарын мэдээллийн iqair.com-д 43 дугаарт буюу Швейцарийн Берн хотын дараа манай нийслэл эрэмбэлэгджээ.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11:12 цаг болж байна. Энэ цагт дэлхийн хотуудын агаарын чанарын мэдээллийн iqair.com-д 43 дугаарт буюу Швейцарийн Берн хотын дараа манай нийслэл эрэмбэлэгджээ. Энэхүү мэдээлэл нь тухай бүс нутгийн цагаар тогтмол өөрчлөгдөж байдаг билээ.
Одоогийн байдлаар Улаанбаатарт РМ 2.5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс 5 дахин хэтэрсэн гэж мэдээлсэн байна. Тус байгууллагаас РМ 2.5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 24 цагт 15 мкг/м3 гэж зөвлөсөн байдаг бол Монгол Улсын стандарт 50 мкг/м3 гэж тогтоосон байдаг.
Агаарын чанар хүний эрүүл мэндэд хортой нөхцөлд гадаа талбайд дасгал хөдөлгөөн хийх, цонх салхивчаа нээхээс зайлсхийж, гадаа орчинд шүүлтүүртэй амны хаалт хаалт зүүж, өрөө, тасалгаандаа агаар шүүгч ажиллуулахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөжээ.
2024 онд хийсэн судалгаанаас үзвэл “Хот суурин газрын агаарын бохирдлын хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн судалгаа”-нд “Улаанбаатар хотын хүн амын дунд нарийн ширхэгт тоосонцроос (PM2.5) үүдсэн өвчлөл нэлээд хувийг эзэлдэг бөгөөд түүний өртөлтийн жилийн дундаж хэмжээ нь 70 мкг/м3 байгаагаас шалтгаалан хүүхдийн уушгины хатгалгаа (цаг бус нас баралт жилд ойролцоогоор 130 тохиолдол), насанд хүрэгчдийн зүрх судасны өвчлөл (цаг бус нас баралт жилд ойролцоогоор 1440 тохиолдол) зэрэг эмгэгүүд бүртгэгдэж байна” гэжээ.
Нарийн ширхэгт тоосонцор буюу РМ 2.5 нь хүний үснээс 30 болон түүнээс олон дахин бага хэмжээтэй нүдэнд үл үзэгдэх энэ тоосонцор нь ихээхэн хэмжээний хорт бодис агуулах бөгөөд агаарт удаан хугацаанд оршиж, хол нүүдэллэх чадвартай. Хүний амьсгалаар дамжин уушги болон цусны урсгалд нэвтэрч үхэлд хүргэх ч аюултай гэж эрдэмтэд тогтоожээ.