“Уур амьсгалын өөрчлөлт ба өнөөдөр”-өөс онцлох 10 эшлэл
“Уур амьсгалын өөрчлөлт ба өнөөдөр”-өөс онцлох 10 эшлэл

“Уур амьсгалын өөрчлөлт ба өнөөдөр” өглөөний уулзалт боллоо.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг боловсрол, сургалтын үйл ажиллагаанд чухалчлах нь сэдвийн хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлт ба өнөөдөр” өглөөний уулзалтыг Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клубээс зохион байгууллаа. Уулзалтад Байгаль орчин уур амьсгал өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, тус яамны Уур амьсгалын өөрчлөлтийн хэлтсийн дарга Н.Цогзолмаа, ахлах шинжээч Ц.Мөнхбат, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн секторын эрхлэгч Х.Отгонбаатар, Байгаль орчны мэдээлэл сургалтын төвийн гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэг нар оролцов. Зочдын ярианаас онцлох 10 эшлэлийг хүргэж байна.

  1. Бүх шатны боловсролын байгууллагын суралцагчид, багш нар, нийтэд зориулсан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт цахим сургалтын төв Edueco.mn цахим платформыг нээн, хөгжүүлж байна.
  1. Энэхүү цахим платформ нь хүн бүрд тогтвортой хөгжлийн боловсрол, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн тухай мэдлэг, мэдээллийг тэгш, хүртээмжтэй түгээх шинжлэх ухааны эх үндэстэй, ойлгомжтой, орчин цагийн эх сурвалж байх юм.
  1. Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол, мэдлэг, ур чадвар олгох үйл ажиллагааг сургалтын хөтөлбөрт оруулах нь улс орнуудын хийх ёстой чухал алхам болж байна. Монгол Улс ч мөн хичээлийн хөтөлбөрийн шинэчлэлийн агуулгыг бага боловсролын түвшинд хийгээд эхэлсэн. Туршилтаар хэрэгжиж байна. Ирэх жилээс суурь боловсролын түвшинд хэрэгжүүлнэ. Хамгийн гол зүйл бол хүүхэд зөв мэдлэг олж, мэдэж амьдралдаа хэрэгжүүлдэг дадал хэвшилтэй болох учиртай.

uur_amisgal3  Баруун гар талаас: Байгаль орчин уур амьсгал өөрчлөлтийн яамны хэлтсийн ахлах шинжээч Ц.Мөнхбат  Уур амьсгалын өөрчлөлтийн хэлтсийн дарга Н.Цогзолмаа, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа

  1. БОУАӨЯ-аас Боловсролын яам түүний харьяа газрууд, Уур амьсгалын өөрчлөлт судалгаа хамтын ажиллагааны төв, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт, НҮБ-ын Хүүхдийн сан, АДАПТ төсөл, Байгаль орчны мэдээлэл сургалтын төв ТББ-тай хамтран “Уур амьсгалын өөрчлөлт ба Монгол” сэдэвт арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
  1. Энэ ажлын хүрээнд 400 гаруй сургуулийн, 330 мянган суралцагч, 15 мянга гаруй багшид хүүхэд, залууст уур амьсгалын өөрчлөлтийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх, тэднийг эрсдэлд дасан зохицох чадвартай иргэн болгон хөгжүүлэх зорилготой “Уур амьсгалын өөрчлөлт ба Монгол” сэдэвт танхимын сургалтад хамруулжээ.
  1. Байгаль орчин, уур амсьгалын өөрчлөлтийн яамнаас уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн дасах зохицох вэ гэдэг бодлого барьж байна. Энэ талаар иргэдийг мэдлэгжүүлэх, мэдээлэлтэй болгохоос гадна байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хэрхэн бэлтгэлтэй байх вэ гэдэгт анхаарч ажиллах юм.
  1. Ногоон эдийн засагт шилжихийн тулд банк хийгээд иргэн, байгууллага ногоон зээлээр орчин тойрноо нөхөн сэргээх, моджуулахад анхаарал хандуулах цаг үе ирээд байна.

uur_amisgal1 Баруун гар талаас: Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн секторын эрхлэгч Х.Отгонбаатар, Байгаль орчны мэдээлэл сургалтын төвийн гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэг

  1. “Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол гэж бид яриад байгаа боловч цаад утгаараа тогтвортой хөгжлийн боловсролыг системтэйгээр олгох гээд байгаа зорилт юм.
  1. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө байгалийн давагдашгүй хүчин зүйлд хүүхэд олноороо өртөх болсон нь хүүхдийн эрх зөрчиж байна гэж НҮБ үзэж буй. Дэлхийн дээр тэрбум гаруй хүүхэд байгаль цаг уурын өөрчлөлтийн нөлөөнөөс шалтгаалж аюулгүй аж төрөх эрх нь зөрчигдөж байна.
  1. “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб 2024 онд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал, ялангуяа улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж хангахад түлхүү чиглэж ажиллалаа.

Б.Нарантуул