Насанд хүрсэн хүний элсэн чихрийн хэрэглээ өдөрт 25 грамм буюу нийт илчлэгийн арван хувиас ихгүй байхаар заажээ.
Стандарт, хэмжил зүйн газар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран нийслэлийн томоохон сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж буй хүүхдэд зориулсан шинэ жилийн бэлгийн багцад шинжилгээ хийжээ. Үүний үр дүнгийн талаар өнөөдөр мэдээллээ.
Тухайлбал, таван багц бэлгийн 37 нэр төрлийн бүтээгдэхүүнд дүн шинжилгээ хийхэд нэг уут бэлэгт хамгийн багадаа 45,83 грамм чихэр агуулагдаж байна. Үүнийг зөвхөн чихрээс авах илчлэгээр тооцоход 591 килокалори байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээнээс 6,8 дахин өндөр гарчээ. Хими хор судлал, микробиологи, хүнд металл зэргээр шинжилгээ хийхэд зөвшөөрөгдсөн хэмжилтээс өндөр гарсан тухай Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн ерөнхий захирал О.Нандин-Эрдэнэ хэлсэн.
Ууттай бэлгүүдийн нийт жин 732-1085 грамм байжээ. Эдгээрээс нэг уут бэлэгт агуулагдаж буй элсэн чихрийн хэмжээг тооцож үзвэл нийт жингийн 18,9-28 хувь буюу 145,8-361,5 грамм байна. Өөрөөр хэлбэл нэг уут бэлэгт 36-72 ширхэг ёотон хийсэнтэй ижил хэмжээтэй сахар агуулагдаж байна гэлээ.
Сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж буй хүүхдэд зориулсан шинэ жилийн бэлгийн багцад шинжилгээ хийсэн тухай мэдээлэв.
Шалгалтын явцад бэлгийн багцад орсон бүтээгдэхүүнүүд хаяг, шошго стандартын шаардлага огт хангахгүй байна. Бүтээгдэхүүний заавар, харшил үүсгэгчийн мэдээлэл, импортын хүнсний шошгод байрлах мэдээлэлд монгол, англи, орос хэлийн аль нэгээр нь бичих шаардлагыг хангаагүй. Дуусах хугацааг бичээгүйгээс гадна хугацаа дуусах дөхсөн бүтээгдэхүүнүүдийг хүүхдийн бэлэгт хийсэн байсан гэж Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар мэдээллээ.
Мөн чихэрлэг бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэхийг хуулиар зохицуулах тухайтад бэлтгэл ажил үргэлжилж байгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С.Өнөрсайхан танилцуулсан.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 100 грамм хүнсэнд тав хүртэлх грамм элсэн чихэр агуулагдсан бол эрүүл хүнс гэж үздэг аж. Харин 5-10 грамм бол “анхаарах хүнс” 10 граммаас дээш бол “хортой” хүнсний бүтээгдэхүүний ангилалд ордог байна. Насанд хүрсэн хүний элсэн чихрийн хэрэглээ өдөрт 25 грамм буюу нийт илчлэгийн арван хувиас ихгүй байхаар заажээ.
Тиймээс Шадар сайдын зүгээс нийт асран хамгаалагч, багш болон үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчдэд шинэ жилийн баяраар ирээдүй болсон бяцхан үрстээ “Сахаргүй бэлэг бэлэглэе” уриалга гаргасныг шадар сайдын зөвлөх А.Бүрэнбаатар уламжлав.
Б.Лувсанпэрэнлэй