12 сарын 23, 2024
Долоон жил байраа хүлээсэн иргэд өлсгөлөн зарлана
Долоон жил байраа хүлээсэн иргэд өлсгөлөн зарлана

“Цагаан хаалга” орон сууцны барилгад захиалга өгч хохирсон иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 25 дугаар хороонд байрлах “Цагаан хаалга” орон сууцны барилгад захиалга өгч хохирсон иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал, “Бүрэн Өргөө” ХХК дээрх 500 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд одоог хүртэл байраа ашиглалтад оруулаагүй байгаа ажээ. Тус компани уг барилгын ажлын 40 хувийг гүйцэтгээд цааш үргэлжлүүлэн явуулах боломжгүй гэж үзэн захиалагчдад царцсан барилга, тамга, тэмдгээ хүлээлгэн өгчээ. Улмаар захиалагчдын санаачилгаар 2023 оны есдүгээр сард “Бүрэн Өргөө” компанийн захирал Д.Зоригтбаатар болон Хан-Уул дүүргийн удирдлагуудтай уулзалт хийж захиалагчдын төлөөлөл Б.Бямбасүрэнг компанийн гүйцэтгэх захирлаар томилуулан, захиалагчидтай хамтран барилгын ажлыг өөрсдөө үргэлжлүүлэн явуулжээ.  

Ингэснээр барилгын ажил 80-85 хувийн гүйцэтгэлтэй явж байтал “Бүрэн Өргөө” компанийн захирал ерөнхий захирлын албан тушаалдаа хэвээр ажиллаж байсан Д.Зоригтбаатар өнгөрсөн 11 дүгээр сарын 29-нд Б.Бямбасүрэнг ажлаас нь халж барилгын гэрчилгээ, тамга тэмдгийг өөрийн мэдэлдээ авсан гэнэ. Мөн уг хотхоны 50-60 айлын байрыг давхар захиалгын гэрээ хийж зарж захиалагчдыг хохироосон тухай мэдээлэв. Гүйцэтгэх захирлаар томилогдсон Б.Бямбасүрэн нь байрны гэрчилгээ гартал тус албан тушаалын ажлыг хийх гэрээтэй байсан гэдгийг тухайн үеийн дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар хэлсэн.

tsagaan_haalga_hothon “Цагаан хаалга” орон сууцны барилгад захиалга өгч хохирсон иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Нисэх цагаан хаалга” хотхоны захиалагчдын эрх ашгийг хамгаалах холбооны гүйцэтгэх захирал Ц.Төгсжаргал “Бүрэн Өргөө” ХХК-ийн ерөнхий захирал Д.Зоригтбаатар захиалагчдын төлөөлөлтэй уулзах үеэрээ байрны м.кв тутамд 900 мянган төгрөг нэмнэ гэхэд иргэд төлөх чадамжгүйгээ илэрхийлсэн” гэв. 

Харин захиалагчдын төлөөлөл В.Хоролмаа “Захиалагчид долоон жил байраа хүлээсний эцэст эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл зүйгээрээ хохирсоор байна. Зарим ахмад настан байраа ашиглалтад орохыг хүлээсээр байгаад нас барсан харамсалтай үйл явдал ч боллоо” гэж ярилаа.

Тус компани нь 2018 онд захиалга авахдаа 2019 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орно гэсэн бол өнөөдрийг хүртэл барилгын ажил дуусаагүй байна. Захиалагчид хувиасаа 2023 оноос эхлэн нийтийн эзэмшлийн зам талбай тохижилтын ажилд таван тэрбум орчим төгрөгийг зарцуулжээ.

Мөн захиалагчид хуурай болон нойтон өлсгөлөн зарлах тухайгаа мэдэгдэж, төрийн зүгээс эрх зүйн дэмжлэг хүслээ.

Б.Лувсанпэрэнлэй