Монгол Улс, Улаанбаатар. Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит төв талбай. 76,000 м.кв хэмжээтэй. Монгол Улсын төрийн ордны өмнө байрлах энэ талбай нь монголчуудын тэр тусмаа нийслэлийн иргэдийн үзэл бодлоо илэрхийлдэг, цагийг хөгжилтэй, дурсамжтай өнгөрүүлдэг хамгийн тухтай газар. Жуулчдын зорьж очдог газар. Улаанбаатар хотын захиргаанаас өнгөрөгч бямба гараг /2024.01.20/ -аас урд хэсэгт нь нийтийн тээврийн автобусны эцсийн зогсоол бий болгосон.
Гэрэл зургийн эх сурвалж: Tushk Tushkuu фэйсбүүк хаяг
БНХАУ, Бээжин. Тянь Ань Миний талбай. 440,000 м.кв хэмжээтэй. Жуулчид болон уугуул иргэдийн хөл тасардаггүй бум бужигнасан газар. Талбайд нэвтрэхдээ төлбөр төлөхгүй бөгөөд чөлөөтэй зураг авах боломжтой. Харин талбай дээрх музей, цамхаг зэрэгт зочлохын тулд тодорхой хэмжээний хураамж төлөхийн сацуу зураг авах, бичлэг хийх хориотой. Тус талбай руу хамгийн их дөхөх нийтийн тээвэр бол Бээжингийн метро бөгөөд түүний нэгдүгээр шугамын өртөө юм.
Гэрэл зургийн эх сурвалж: news.cgtn
ОХУ, Москва. Улаан талбай. 24,750 м.кв хэмжээтэй. Тус улсын түүх, соёлтой нягт холбоотой Улаан талбай бол Москвагийн үзэхэд хамгийн хялбар газруудын нэг. Тасалбаргүй, дараалалгүй бас аюулгүй байдлын элдэв шалгалт байхгүй. Гэхдээ талбайн олон дурсгалт газар, музей зэргийг үзэхийн тулд тасалбар захиалж авах, дараалалд зогсох шаардлагатай тулгарна. Тус талбайтай хамгийн ойр метроны буудал 300-400 метрийн зайд байрладаг.
Гэрэл зургийн эх сурвалж: russinfo
Испани улс, Мадрид. Плаза Майор. 12,126 м.кв хэмжээтэй. Мадрид хотын төв хэсэгт орших хамгийн алдартай талбай бөгөөд жуулчдын очиж, нүд хужирлах ёстой газруудын нэг юм. Учир нь энэ газарт зохион байгуулалттай үйл ажиллагаануудаас гадна дэлгүүр хэсэх, хооллох, амрах боломж бүрэн байдаг. Талбай руу ороход өдөр, шөнийн алинд ч нээлттэй байдаг аж. Хотын төвийн аль ч хэсгээс алхаж хүрч болох бөгөөд метрогоор үйлчлүүлэн ойролцоох буудал дээр бууж очих боломжтой гэнэ.
Гэрэл зургийн эх сурвалж: madridando
Англи улс, Лондон. Трафальгарын талбай. 12,000 м.кв хэмжээтэй. Лондоны хамгийн том, хамгийн чухал зэрэглэлийн бүх нийтийн талбайд тус хотод зочилсон хүн бүр очиж сонирхохыг эрмэлздэг. Сонгодог урлагийн илэрхийлэл хөшөө дурсгалууд, орчин үеийн урлагийн бүтээлүүд болон гудамжны үзвэр, үйлчилгээ зэрэг анхаарал, сонирхол татах юмс тэнд бий. Нэг жилд зургаан сая хүний мэлмийг баясгадаг Үндэсний галлерей энэ талбайд оршдог. Энэ талбайд баяр ёслол, жагсаал цуглаан зэрэг нийтийг хамарсан нийгэм, улс төрийн үйл явдлууд болсоор байдаг. Талбайгаас гурван минутын зайд галт тэрэгний буудалтай.
Гэрэл зургийн эх сурвалж: city-walks.info
Бельги улс, Брюссель. Гранд палас. 31,900 м.кв хэмжээтэй. Тус хотын түүхэн дурсгалт газар бөгөөд аялал жуулчлалын хамгийн чухал цэг ажээ. Аль 11 дүгээр зууны үеэс эхэлсэн бүтээн байгуулалтын ажил 17 дугаар зуунд дууссан боловч дайны үеэр франц цэргүүдийн бөмбөгдөлтөд өртөж ихэнх хэсэг нь сүйджээ. Улмаар хуучин үнэ цэнийг шингээж, дахин шинээр засварласан байна. Жуулчдыг татах бүхий л төрлийн үйл ажиллагааг энэ талбайд зохион байгуулдаг бөгөөд наймдугаар сар бүрд талбайн голд цэцгэн “хивс”-ийг урладаг нь хамгийн онцлогтой аж. Талбайгаас хамгийн бага нь гурван минутын зайд автобусны зогсоол байгаа бөгөөд галт тэргээр ч мөн хүрч болно.
Гэрэл зургийн эх сурвалж: getyourguide
Гэрэл зургийн эх сурвалж: veniceincoming
Итали улс, Венец. Гэгээн Маркийн талбай. 12,600 м.кв хэмжээтэй. Венецийн хамгийн алдартай газар бөгөөд нийгэм, улс төр, шашны төв гэж болно. Тус хотын хамгийн нам дор газар, эргэн тойронд нь засгийн газрын байрууд, алдартай барилгууд сүндэрлэж байдаг. Мөн л жуулчдын их зорин очдог газар. Мэдээж талбай руу нэвтрэхэд үнэгүй боловч үйлчилгээ авах бүрд европын орнуудын дундаж ханшаар төлбөрөө хийх хэрэгтэй болно. Хамгийн ойрхон галт тэрэгний буудлаас алхвал 28 минутын зайтай бол усан тээврээр ирсэн тохиолдолд таван минут алхаад талбайд хүрнэ.
Гэрэл зургийн эх сурвалж: vinwonders
Вьетнам улс, Ханой. Ба Динь талбай. 32,000 м.кв хэмжээтэй. Шоо мэт хэлбэртэй 210 ширхэг зүлгэн дөрвөлжингийн дундуур явган зам тавьсан сонирхолтой харагдац бүхий энэ талбай хотын төдийгүй улсынхаа чухал ач холбогдолтой газруудын нэг. Тус улсын алдарт удирдагч Хо Шин Миний бунхант цогцолбор байдаг тул жуулчдын зорин очдог газарт зүй ёсоор тооцогдоно. Талбайд нэвтрэхэд үнэ төлбөргүй боловч гадаад улсын иргэн бунхант цогцолборыг үзэх тохиолдолд ойролцоогоор нэг доллартай тэнцэхүйц донг /үндэсний мөнгөн тэмдэгт/ төлөх ёстой байдаг аж. Нийтийн тээврээр очсон тохиолдолд хэдхэн минутын зайд зогсдог юм байна.