12 сарын 20, 2024
Жирэмсэн эмэгтэйчүүдийг томуугийн вакцинд хамруулж эхэлжээ
Жирэмсэн эмэгтэйчүүдийг томуугийн вакцинд хамруулж эхэлжээ

Томуугийн 20-28 хувьд нь А хүрээний вирус бүртгэгдсэн учир жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинд хамруулж эхэлсэн.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хийсэн тандалтын дүнгийн 20-28 хувьд А хүрээний "H1N1" вирус бүртгэгджээ. Уг вирус нь хоруу чанар ихтэй, амьсгалын замаар дамжин цус руу нэвтэрч өндөр халууруулдаг онцлогтой учир бага насны хүүхдүүд, 65-аас дээш настай архаг суурь өвчтэй хүмүүс болон жирэмсэн эмэгтэйчүүд вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай аж.

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн дийлэнх нь бага насны хүүхдүүд бол томуугийн А хүрээний вирусийн эрсдэлт бүлэг нь жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан байна.

Энэ тухай ХӨСҮТ-ийн дэд захирал О.Батбаяр "Томуугийн 20-28 хувьд нь А хүрээний вирус бүртгэгдсэн учир жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинд хамруулж эхэлсэн. Томуу эхэн үедээ хүүхдүүдэд эрсдэл өндөр байсан бол энэ долоо хоногоос насанд хүрэгчдэд учрах эрсдэл нэмэгдэж байна. Томуугаар амь насаа алдаж байгаа хүн амын 80 орчим хувь нь насанд хүрэгчид байдаг. Иймээс халдвар хамгааллын дэглэмээ сайн сахих хэрэгтэй" гэв.

Түүнчлэн чихрийн шижинтэй, хавсарсан өвчлөлтэй хүн А хүрээний вирусээр өвдвөл хүндрэх, сэхээнд орох, амь насаа алдах эрсдэлтэй тул шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй, олон нийтийн газар бага насны хүүхдийг дагуулж явахгүй байж халдвар хамгааллын дэглэм сайтар баримтлахыг эмч мэргэжилтнүүд зөвлөлөө.

Б.Нарантуул