РМ 2.5 нь хүний үснээс 30 болон түүнээс олон дахин бага хэмжээтэй нүдэнд үл үзэгдэх нарийн ширхэгт тоосонцор.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 17:30 цаг болж байна. Энэ цагт дэлхийн хотуудын агаарын чанарын мэдээллийн iqair.com-д 45 дугаарт буюу Пакистан улсын Карачи хотын дараа манай нийслэл эрэмбэлэгджээ. Энэхүү мэдээлэл нь тухай бүс нутгийн цагаар тогтмол өөрчлөгдөж байдаг билээ.
Өнөөдөр Улаанбаатар хотод салхитай байгаа учраас утаа багасаж агаарын чанарын индексээр дунд зэрэг буюу эмзэг мэдрэмтгий бүлэгт аюултай нөхцөлийг зааж байна. Энэ нөхцөлд цонх салхивчаа хаалттай байлгах, хүүхэд, өндөр настан зэрэг эмзэг мэдрэмтгий бүлгийн хүмүүс гадуур гарахдаа амны хаалт зүүх, агаар цэвэршүүлэгч ажиллуулах хэрэгтэйг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг.
Утаа салхинд туугдаж агаарын чанар дунд зэрэг байгаа энэ үед Улаанбаатарт РМ 2.5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс 5 дахин хэтэрсэн гэж мэдээлсэн байна. Тус байгууллагаас РМ 2.5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 24 цагт 15 мкг/м3 гэж зөвлөсөн байдаг бол Монгол Улсын стандарт 50 мкг/м3 гэж тогтоосон байдаг.
РМ 2.5 нарийн ширхэгт тоосонцор нь тээврийн хэрэгсэл, үйлдвэрүүд, дутуу шатсан ахуйн түлш, барилгын болон хөдөө аж ахуйн үйл ажиллагаа, тоос, хог хаягдал, шатаах, халаах зэрэг бүхий л үйл ажиллагаанаас үүдэлтэй эх үүсвэрээс үүсдэг байна. Агаар дахь хүхрийн давхар исэл (SO2), азотын оксид (Nox, NO2) гэх мэт химийн хийнүүдийн урвалын дүнд мөн РМ 2.5 үүснэ.
Нарийн ширхэгт тоосонцор буюу РМ 2.5 нь хүний үснээс 30 болон түүнээс олон дахин бага хэмжээтэй нүдэнд үл үзэгдэх энэ тоосонцор нь ихээхэн хэмжээний хорт бодис агуулах бөгөөд агаарт удаан хугацаанд оршиж, хол нүүдэллэх чадвартай. Хүний амьсгалаар дамжин уушги болон цусны урсгалд нэвтэрч үхэлд хүргэх ч аюултай гэж эрдэмтдийн тогтоожээ.