Сэтгүүлзүйн сайн бүтээлийн уралдааны шилдгүүд тодорлоо
Сэтгүүлзүйн сайн бүтээлийн уралдааны шилдгүүд тодорлоо

"Хүний эрх ба Төсөв-Тэгш байдал" хүний эрхийн сайн бүтээлийн уралдаанд амжилттай оролцсон сэтгүүлчид

Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнести Интернэшнл, "Тогтвортой хөгжлийн төлөө" сэтгүүлчдийн клубтэй хамтран зарласан “Хүний эрх ба Төсөв-Тэгш байдал" хүний эрхийн сайн бүтээлийн уралдааны шилдгүүд өнөөдөр тодорч шагналаа гардлаа.

"Тогтвортой хөгжлийн төлөө" сэтгүүлчдийн клубээс санаачлан хоёр дахь жилдээ зохион байгуулсан тус уралдаан нь Тогтвортой хөгжлийн 10 дахь зорилгын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн төсвийн хуваарилалтыг хийх, цаашлаад эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг гаргаж тавих, олон нийтэд таниулах, олон улсын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, оновчтой санал, санаачилгыг дэвшүүлж, олон талт төлөөллийн оролцоотойгоор шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх, сэдэлжүүлэх зорилготой байлаа.

Сонин-Сайт, телевиз-радио гэсэн хоёр төрөлтэй тус уралдаанд нийт 17 редакц эрүүл мэнд, боловсрол, хот төлөвлөлт дэх төсвийн хуваарилтаас үүдсэн тулгамдсан асуудлыг хөндөж, өрсөлдсөн юм.

Сонин-сайт төрөлд:

Тэргүүн байрт Gogo.mn сайтын сэтгүүлч Б.Нямдарь “Насанд хүрээгүй ээжүүд ба охидын эрх”, дэд байрт Child.mn сайтын eрөнхий редактор А.Уянга "Гээгдсэн мөрөөдөл", гутгаар байрт Unuudur.mn сайтын Ерөнхий редактор Д.Мягмаржаргал “НИТХ-ынхны баталсан үрэлгэн төсөв иргэдэд өгөөжөө өгөх үү”, “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Ц.Мягмарбаяр “Приус” уу, “Ланд” уу ?!” бүтээлээрээ тус тус шагнал хүртлээ.

Телевиз-радио төрөлд:

Тэргүүн байрт Eagle News телевизийн улс төрийн тоймч С.Эрдэнэбаяр “Модон жорлон ба хоёр сайдын нүүр”, дэд байрт МҮОНТ-ийн Монголын мэдээ агeнтлагийн сэтгүүлч Э.Отгонцэцэг “Төвлөрсөн хогийн цэг орчмын хөрс бохирдлоо цэвэршүүлэх чадамжгүй болжээ”, гуравдугаар байрт 25-р суваг телевизийн сэтгүүлч Б.Баттунгалаг “Утаа угаарын хордлого иргэдийн эрүүл мэндэд заналхийлж байна”, МҮОНР-гийн "Хурд" агентлагийн сэтгүүлч М.Оюунбаасан “Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулж байна” бүтээлээрээ тус тус шагнал хүртлээ.

Мөн уралдааны тусгай байрт Eagle.mn сайтын сэтгүүлч О.Эрдэнэчимэгийн “Санхүүгийн хөшүүргийн хүч”, Newsmedia.mn сайтын сэтгүүлч Г.Батзоригийн “Чанартай боловсролыг дэмжих бодлого төсвийн хамгийн чухал зорилтын нэг байх ёстой”, Өнөөдөр сонины сэтгүүлч Ч.Болортуяагийн “Боловсролоос “гээгдсэн” малчдын хүүхдүүд бүтээл шалгарчээ.

Энэхүү уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд манай сайтын эрхлэгч Г.Батзаяа ажиллалаа.