PM 2.5 нь хүний амьсгалаар дамжин уушги болон цусны урсгалд нэвтэрч үхэлд хүргэх ч аюултай гэж эрдэмтдийн тогтоожээ.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12:56 цаг болж байна. Энэ цагт дэлхийн хотуудын агаарын чанарын мэдээллийн iqair.com-д 15 дугаарт буюу Энэтхэгийн Мумбайн дараа манай хот эрэмбэлэгджээ. Энэхүү мэдээлэл нь тухай бүс нутгийн цагаар тогтмол өөрчлөгдөж байдаг билээ.
Одоогийн байдлаар Улаанбаатарт РМ 2.5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс 12 дахин хэтэрсэн гэж мэдээлсэн байна. Тус байгууллагаас РМ 2.5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 24 цагт 15 мкг/м3 гэж зөвлөсөн байдаг бол Монгол Улсын стандарт 50 мкг/м3 гэж тогтоосон байдаг.
Агаарын чанар хүний эрүүл мэндэд хортой нөхцөлд гадаа талбайд дасгал хөдөлгөөн хийх, цонх салхивчаа нээхээс зайлсхийж, гадаа орчинд шүүлтүүртэй амны хаалт хаалт зүүж, өрөө, тасалгаандаа агаар шүүгч ажиллуулахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөжээ.
РМ 2.5 нарийн ширхэгт тоосонцор нь тээврийн хэрэгсэл, үйлдвэрүүд, дутуу шатсан ахуйн түлш, барилгын болон хөдөө аж ахуйн үйл ажиллагаа, тоос, хог хаягдал, шатаах, халаах зэрэг бүхий л үйл ажиллагаанаас үүдэлтэй эх үүсвэрээс үүсдэг байна. Агаар дахь хүхрийн давхар исэл (SO2), азотын оксид (Nox, NO2) гэх мэт химийн хийнүүдийн урвалын дүнд мөн РМ 2.5 үүснэ.
Нарийн ширхэгт тоосонцор буюу РМ 2.5 нь хүний үснээс 30 болон түүнээс олон дахин бага хэмжээтэй нүдэнд үл үзэгдэх энэ тоосонцор нь ихээхэн хэмжээний хорт бодис агуулах бөгөөд агаарт удаан хугацаанд оршиж, хол нүүдэллэх чадвартай. Хүний амьсгалаар дамжин уушги болон цусны урсгалд нэвтэрч үхэлд хүргэх ч аюултай гэж эрдэмтдийн тогтоожээ.