Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал
Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Хүний эрхийн үндэсний комиссоос НҮБ-тай хамтран зохион байгуулсан хүний эрхийн хүндэтгэлийн лекцийн зочноор Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Гомбын Золжаргал оролцлоо. Хүний эрх ба олон нийтийн мэдээллийн хэрэгсэл сэдвээр өөрийн туршлага, мэдлэг, залуу сэтгүүлч, уран бүтээлчдийн хувьд анхаарч бодож явах ёстой зарчим, үнэт зүйлийн тухай илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн Г.Золжаргал сэтгүүлчийн хэлсэн үгнээс ишлэл хэлбэрээр түүвэрлэн хүргэж байна.
Хүний эрхийн асуудал улс төр, нийгмийн хүрээнд гэхээсээ илүү хажууд дэргэд бүх юманд байж л байдаг зүйл. Хүний эрхийн мэдрэмжийг бид өөр дээрээ тусгаж, өөрөөсөө л хайх ёстой. Хүний хүмүүжил, боловсролын эх суурь нь гэр бүлд байдаг.
Бид эрхийн тухай их ярьсан. Эрх эрх гэж яриад л. Хүний эрхийг бүрэн дүүрэн хангачихвал хөгжлийн манлайд хүрнэ, аз жаргалын дээдийг амсана гээд л явлаа. Эрх л нэхээд байдаг. Эрх чинь өөрөө үүрэгтэйгээ хамт 50, 50 хувьтай байдаг юм шүү.
Хүүхэд чихэр идчихээд цаасаа хаяж байна шүү дээ. Хэн ч байсан цаасаа ав, хогийн саванд заавал аваачиж хий гэж арав хорин удаа хэлсний дараа хийдэг болчихвол том болсон хойно оо зугаалж яваад савтай хогоо хээр хаядаггүй тийм л хүн болох ёстой. Тэр ухамсар соёл, нарийн мэдрэмж бий болж байж бид хүний эрхийн тухай ярина.
Хүний амьдралын утга учир нь эрх, үүрэг хариуцлагын тэнцэл юм.
Худалдаачин хүн хуруу хазайвал хулгайч болно оо гэдэг шиг сэтгүүлч хүний үзэг хазайж, үзэл бодлоосоо урвах юм бол өөрөө түмэн олны дайсан болж хувирдаг юм байна шүү.
Хүний эрхийн үндэсний комиссоос НҮБ-тай хамтран зохион байгуулсан хүний эрхийн хүндэтгэлийн лекц зохион байгуулав.
Үнэнд хамгийн их ойртохыг хичээж, түүний төлөө л явах ёстой. Эх орондоо л очихсон баримтат киног бүтээхдээ хүний үндсэн хуульд заасан эрх зөрчигдсөн байна шүү гэдгийг хүний зовлон, нулимсаар бодитоор харуулахыг зорьсон. Тэгээд хоёр жилийн дараа телевизээр олон нийтэд гаргах эрхийг олж авахын тулд амаргүй замын туулсан. Бид бүгд амаргүй замыг туулдаг. Гэхдээ талбай дээр би ийм зүйл хийчихлээ, болохгүй байна гээд орилж хашгирах зүйл бол биш.
Уран бүтээлээрээ зорьсон зорилгодоо хүрэхийн тулд тууштай, няцаж цуцахгүй явах хэрэгтэй. Бас олуулаа явах хэрэгтэй юм байна лээ шүү.
Хэнд эрх байна тэнд бэрх байна гэж Монгол ардын үг бий. Сайн нягтал шалга, тэгээд хэлэх ёстой үгээ хэл гэсэн ийм л зарчмаар ажиллаж өнөөдрийг хүрсэн.
Өөртөө үнэнч бай, үзэл бодолдоо үнэнч бай. Аав ээж, ахмад буурлууд, ард түмнийхээ үгийг сонсож байвал зөв голдирлоосоо далийхгүй.