Хотын зурвас: Чи Лондоны “Үхлийн утаа”-ны тухай сонссон уу, танай Улаанбаатар ...?
Хотын зурвас: Чи Лондоны “Үхлийн утаа”-ны тухай сонссон уу, танай Улаанбаатар ...?

Түүх болж үлдсэн Лондоны “Үхлийн утаа” аж үйлдвэрийнх байсан бол Улаанбаатарынх авлигаас, ядуурлаас, эмх замбараагүйгээс үүдсэн утаа юм.

Манай ангийнхан нэг удаа өөрсдийн хотуудын болж бүтэхгүй зүйлсийн тухай ярилцлаа. Мексикийн Мехикогоос ирсэн охин хүлээцгүй жолооч нар дуут дохиогоо чих дүлийрэм хангинуулдаг тухай ярив. Солонгос найз маань борооны улирлын хэцүүг гайхлаа. 

Цаашлаад бразил, хятад, малайз, филиппин, итали оюутнууд тус бүрдээ л улс, хотынхоо саад бэрхшээлтэй зүйлийг ам уралдан хэлэв. Нэрэлхүү монгол би ээлж иртэл дуугүй л сууж байлаа. Үргэлж инээж байдаг багш маань “Танай улсын эсвэл хотын хувьд?” гэж инээмсэглэсээр асуух хүртэл шүү дээ.

Утаа, түгжрэл, цас, бороонд халтирч уначих гээд явж болдоггүй явган хүний зам, эвдэрхий авто зам эсвэл авлигач түшмэд ... гээд замбараагүй олон бүтэхгүй зүйл толгойд эргэлдэж аль гайгүйг нь хэлэх санаатай бодож байтал 

“Чи Лондоны үхлийн аюулт манангийн тухай сонссон уу? Би танай хотыг агаарын бохирдол ихтэй гэж сонссон. Бүр Бээжингээс аймаар гэсэн тийм үү? Хэдэн жилийн өмнө би найзуудтайгаа Хятад руу аялж байсан юм л даа.” гэлээ.

Харин би “Тиймээ. Та нар манай хөрш улсад аялсан юм байна. Манай хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэлүүдийн нэг болохоор өвлийн улиралд утаатай л даа. Гэхдээ Лондоныхтой зүйрлэшгүй гэж бодож байна” гэсхийгээд өнгөрөөсөн билээ.

Өрөвдөлтэй, бөөрөнхий, арга ядсан хариулт. Буцаж ирэх үед Улаанбаатарчууд шахмал түлш гээчийг түлдэг болсон байлаа. Бүр ганцхан шөнийн дотор долоо, найм, 12 хүн угаартаж эрүүл мэнд, амь насаараа хохирсон тухай мэдээлэлд хүмүүс дасчихсан байв. Түгжрэл бүр үл тэсэм болсон ч манай хотынхон бас л зохицсон байлаа. “Асуудалгүй юм алга, амьдралын чанар алга, амьд явж байгаа нь их юм болжээ, Улаанбаатарт” гэж үглэж, бухимдахад найз маань “Одоо тэгээд дасан зохицохоос өөр аргагүй” гэж зөвлөлөө. Уг нь бид өнөө маргаашаа хүлээж буй нэгэн биш 30-хан настай шүү дээ. Яг л миний хариулт шиг өрөвдөлтэй, хүлцэнгүй, арга ядсан байдалд нэгэнт автжээ, нийгмээрээ. 

Биднийг өр зээл, өвчин, үхэл ер нь юу ч сэрээхээргүй болсон юм биш биз дээ гэдэг айдаст автаж эхэлж байна. Сүүлийн долоон жилийн хугацаанд 7000 гаруй хүн угаарын хийн хордлогод өртсөн гэх мэдээлэл байна. Мэдээж олонх нь Улаанбаатарт болж буй. Харин угаарын хийн хордлогын улмаас амиа алдагсдын нэгдсэн бодит тоон мэдээлэл нийтэд ил байдаггүй ажээ.

Лондоны “Үхлийн утаа”-нд 60 гаруй хоногийн турш 12 мянган иргэн амиа алдсан, тэдгээрийн 4000 нь 1952 оны 12 дугаар сарын 5-9-нийг хүртэлх тавхан өдрийн дотор угаартаж нас барсан гэх тойм мэдээлэл байдаг. Тэгвэл зургаа дахь өвөлдөө шахмал түлш хэрэглэж буй Улаанбаатар хотод хэдэн хүн хорт утааны аюул хөнөөл, угаарын хийн улмаас амь хохирсон бол? Үүнийг иргэд мэдэх эрхтэй. 

Өнөөдөр Олон улсын Хүний эрхийн өдөр. Монгол Улсын иргэн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрхтэй. Гэвч өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан эрхийн баталгаагаа хэнээс, хаанаас нэхэх, хүлээх, хангуулах вэ? Лондоны “Үхлийн утаа” шиг хэдхэн метрийн цаадах харагдахгүй утаанд манантсан шөнө шиг өдрийг үзэж, угаартаж амиа алдсан хүний тоо мянга мянгад хүрсний эцэст жинхэнэ утааны тухай ярьж, хүний эрхийн талаар бодож “Би амьд явах эрхтэй юм байна” гэж тэмцэх үү, бөөнөөрөө? 

Нэмж тодруулахад, түүх болж үлдсэн Лондоны “Үхлийн утаа” аж үйлдвэрийнх байсан бол Улаанбаатарынх авлигаас, ядуурлаас, эмх замбараагүйгээс үүдсэн утаа юм шүү дээ. Одоо хэн нэгэн надаас асуувал 

“Монгол хүн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй ч Улаанбаатарт амьдардаг бол үйлчлэхгүй. Өнөө цагийн монголчууд бид нэрэлхүү, хулчгар болохоороо эрхээ хамгаалахыг тэр битгий хэл мэдэхийг ч хүсдэггүй. Зүгээр л утаа, түгжрэл дунд өглөөнөөс оройжин шоргоолж мэт ажиллаж олсон өчүүхэн мөнгөөрөө амьдралаас тасарсан өндөр зээлийн хүү төлөөд хоосон данстай үлдэхдээ баярладаг. Өөрт нь бус эрх мэдэлтэй хэсэгт л зориулагддаг татвараа татуулахдаа ч сэтгэл хангалуун дүр эсгэдэг. Шударга бустай хамгийн сайн эвлэрч чаддаг нь манай хотынхны хамгийн том бэрхшээл

гэж хариулах болно.