РМ 2.5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс 17 дахин хэтэрчээ.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2024 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 14:49 цаг болж байна. Энэ цагт дэлхийн хотуудын агаарын чанарын мэдээллийн iqair.com-д тавдугаарт буюу Энэтхэгийн нийслэл Делийн дараа манай хот эрэмбэлэгджээ. Цаг бүрд өөрчлөгдөж байдаг энэхүү мэдээлэлд өнөөдөр өглөөний байдлаар Улаанбаатар хот хамгийн их бохирдолтой буюу нэгдүгээрт жагссан байсан юм.
Мөн РМ 2.5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс 17 дахин хэтэрсэн гэж мэдээлсэн байна. Тус байгууллагаас РМ 2.5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 24 цагт 15 мкг/м3 гэж зөвлөсөн байдаг бол Монгол Улсын стандарт 50 мкг/м3 гэж тогтоосон байдаг. Эрдэмтдийн тогтоосноор хүний үснээс 30 болон түүнээс олон дахин бага хэмжээтэй нүдэнд үл үзэгдэх энэ тоосонцор нь ихээхэн хэмжээний хорт бодис агуулах бөгөөд агаарт удаан хугацаанд оршиж, хол нүүдэллэх чадвартай. Хүний амьсгалаар дамжин уушги болон цусны урсгалд нэвтэрч үхэлд хүргэх ч аюултай байна.
Харин манай улсын agaar.mn сайтад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошуу орчимд агаарын чанарын индекс 500-г давж маш их бохирдолтой буюу хүний эрүүл мэндэд аюултай түвшинд хүрснийг мэдээлж байна. Ийм нөхцөлд хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Амны хаалт зүүх шаардлагатай гэж эрүүл мэндийн байгууллагаас зөвлөжээ.