Дэлхий дахинд агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралт 100000 хүн амд 92 байхад Монгол Улсад 100000 хүн амд 132 байна.
Тодруулбал, Агаарын харуул буюу Breathe Mongolia - Clean Air Coalition, Public Lab Mongolia, Хашаандаа сайхан амьдаръя, Civic Space төрийн бус байгууллагууд нэгдэж өргөдлийг d.parliament.mn сайтад албан ёсоор байршуулсан бөгөөд 70 мянган хүн дэмжсэнээр тэдний санаачилгыг хэлэлцэх боломжтой болох юм.
Тэд хуулийн дагуу “Утааны Сонcгол”-ыг зохион байгуулж Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” болон бусад холбогдох үйл ажиллагааны төсөв, гүйцэтгэл, үүний ил тод байдалд үнэлгээ хийж, цаашид хэрэгжих төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг сайжруулахыг шаардаж байна.
Мөн өргөдөлд “...2012 оны судалгаагаар 9 нас баралт тутмын 1 нь агаарын бохирдлоос болж байв. Дэлхий дахинд агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралт 100000 хүн амд 92 байхад Монгол Улсад 100000 хүн амд 132 байгаа нь дэлхийн дунджаас даруй 30 хувиар байгаа нь хүн амаа өсгөх бодлоготой манай улсад маш том гарз хохирол юм. НҮБ-ын Хүүхдийн сангийн захиалгаар АШУҮИС-ийн хийсэн судалгаагаар багтраа өвчний тохиолдол 2009 онд 0-4 насанд 4 байсан бол 2017 онд 60 тохиолдол шинээр бүртгэгдэн өвчлөлийн бодит тоон үзүүлэлт даруй 15 дахин нэмэгдсэн байна. Агаарын бохирдол NO2 50 хувь буурвал багтраа өвчнөөр оношлогдох шинэ тохиолдол 2019 онд 60 байсан 2027 он гэхэд 10 болж буурна гэсэн тооцоолол гарсан” гэсэн тоо баримт, үндэслэлийг дурджээ.
Уншигч та “Утааны сонсгол хийцгээе! Төсвийн зарцуулалтад хяналт, үнэлгээ хийж, сайжруулцгаая!” цахим өргөдөлд гарын үсэг зурж нэгдэх бол Энд дарна уу холбоос дээр дарж нэвтэрнэ үү.