Улаанбаатарт РМ 2.5-н хэмжээ хэвийн түвшнээс 37,6 дахин их байна
Улаанбаатарт РМ 2.5-н хэмжээ хэвийн түвшнээс 37,6 дахин их байна

ДЭМБ-аас РМ 2.5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 24 цагт 15 мкг/м3 гэж зөвлөсөн байдаг бол Монгол Улсын стандарт 50 мкг/м3 гэж тогтоосон байдаг.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2024 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 12:02 цаг болж байна. Энэ цагт дэлхийн хотуудын агаарын чанарын мэдээллийн хоёрдугаарт буюу Бангладешийн нийслэл Дакагийн дараа манай хот эрэмбэлэгджээ. Цаг бүрд өөрчлөгдөж байдаг энэхүү мэдээлэлд өнөөдөр өглөөний байдлаар Улаанбаатар хот хамгийн их бохирдолтой буюу нэгдүгээрт жагссан байсан юм.

Одоогоор агаарын бохирдлын түвшин маш их бохирдолтой гэж зааж байна. Ийм нөхцөлд зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй гэж эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн байдаг.

Мөн РМ 2.5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс 37,6 дахин хэтэрсэн гэж мэдээлсэн байна. 

Тус байгууллагаас РМ 2.5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 24 цагт 15 мкг/м3 гэж зөвлөсөн байдаг бол Монгол Улсын стандарт 50 мкг/м3 гэж тогтоосон байдаг.

Тодруулбал, РМ 2.5 нарийн ширхэгт тоосонцор нь тээврийн хэрэгсэл, үйлдвэрүүд, дутуу шатсан ахуйн түлш, барилгын болон хөдөө аж ахуйн үйл ажиллагаа, тоос, хог хаягдал, шатаах, халаах зэрэг бүхий л үйл ажиллагаанаас үүдэлтэй эх үүсвэрээс үүсдэг байна. Агаар дахь хүхрийн давхар исэл (SO2), азотын оксид (Nox, NO2) гэх мэт химийн хийнүүдийн урвалын дүнд мөн РМ 2.5 үүснэ. Эрдэмтдийн тогтоосноор хүний үснээс 30 болон түүнээс олон дахин бага хэмжээтэй нүдэнд үл үзэгдэх энэ тоосонцор нь ихээхэн хэмжээний хорт бодис агуулах бөгөөд агаарт удаан хугацаанд оршиж, хол нүүдэллэх чадвартай. Хүний амьсгалаар дамжин уушги болон цусны урсгалд нэвтэрч үхэлд хүргэх ч аюултай.