Уур амьсгалын үйл ажиллагааг дэмжих 50 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зуржээ
Уур амьсгалын үйл ажиллагааг дэмжих 50 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зуржээ

Монгол Улсад уур амьсгалын санхүүжилтийг нэмэгдүүлэх, бичил, жижиг, дунд үйлдвэрүүдэд (БЖДҮ) санхүүжилт олгох зорилгоор 50 сая ам.долларын санхүүжилтийн багцад гарын үсэг зурав.

Азийн Хөгжлийн Банк (АХБ) болон ХасБанк ХК (ХасБанк) Монгол Улсад уур амьсгалын санхүүжилтийг нэмэгдүүлэх, бичил, жижиг, дунд үйлдвэрүүдэд (БЖДҮ) санхүүжилт олгох зорилгоор 50 сая ам.долларын санхүүжилтийн багцад гарын үсэг зуржээ.

Энэхүү багц нь АХБ-ны 40 сая ам.доллар, Ази тивд хувийн хэвшлийг дэмжих Канадын уур амьсгал ба байгалийн сан буюу КАНПА-гийн 10 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээс бүрдэж байна. Санхүүжилтийн багцын 70 хувь нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нөлөөллийг бууруулах төслүүдэд зориулагдах бөгөөд үлдсэн хэсэг нь олон салбарын БЖДҮ-ийн санхүүжилтэд, тэр дундаа эмэгтэйчүүдийн эзэмшдэг болон удирддаг бизнесүүдэд зээл олгоход зориулагдах аж.

АХБ-ны Зах зээлийн шийдэл хариуцсан дэд ерөнхийлөгч Баргав Дасгупта “Ногоон санхүүгийн зах зээл нь Монгол Улсын цэвэр тэг зорилтыг дэмжих тогтвортой эдийн засгийг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй” гэдгийг онцоллоо. Уур амьсгалын эмзэг байдал, хүлэмжийн хийн өндөр ялгаруулалттай нүүр тулж буй Монгол Улсад ногоон санхүүжилтийн асуудал улам бүр чухлаар тавигдах болсон. Ногоон зээл олгох зах зээл нь тус улсад дөнгөж хөгжиж эхэлж байгаа бөгөөд нийт банкны зээлийн багахан хувийг эзэлж байна. Монгол Улсын Засгийн газар 2030 он гэхэд энэ зах зээлийг өргөжүүлэх зорилт тавьж байгаа бөгөөд энэхүү зорилт болон бусад уур амьсгалын зорилтдоо хүрэхэд хувийн хэвшлийн оролцоо шаардлагатай байгааг онцолж байгаа юм.

БЖДҮ нь манай улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд бүртгэлтэй бизнесүүдийн 70 гаруй хувийг эзлэхийн зэрэгцээ ажиллах хүчний ихээхэн хувийг бүрдүүлдэг. Гэсэн хэдий ч зээл авах, тэр дундаа ногоон стандартад нийцсэн хөрөнгө оруулалтад зээл авахад хүндрэлтэй тулгардаг. БЖДҮ-ийн уур амьсгалд ээлтэй, хүртээмжтэй санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх нь стратегийн энэхүү чухал салбарын дархлааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ улс орны тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг дэмжих юм.

Нэмж тодруулахад, КАНПА нь 2024 онд байгуулагдсан. Канадын Засгийн газрын 360 сая канад долларын санхүүжилттэй АХБ-наас удирддаг итгэмжлэгдсэн сан юм. Энэхүү сан нь Азийн хувийн хэвшлийг дэмжих Канадын уур амьсгалын хоёрдугаар сан (CFPS II) болон түүний өмнөх нэгдүгээр сангийн амжилтуудад тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг. КАНПА нь Ази тивд хэрэгжиж буй уур амьсгал болон байгальд суурилсан шийдлүүдэд төвлөрсөн хувийн хэвшлийн төслүүдийг дэмжихийн зэрэгцээ жендэрийн тэгш байдлыг дэмжих зорилготой ажилладаг. Энэхүү төсөл нь КАНПА-ийн санхүүжилттэй анхны төсөл болжээ.