Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60 тн газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрч онцгой байдлын гурван алба хаагч амиа алдаж, 15 хүн эмнэлэгт хүргэгдээд байна. Мөн энэ дэлбэрэлтэд хоёр иргэн өртсөн байж болзошгүй, цагдаагийн байгууллагаас шалгалт хийж байна гэж мэдээллээ.
Сүүлд ирсэн мэдээллээр 60тн-ын газ ачиж явсан автомашин Дүнжингаравын уулзвараар баруун гар тийш эргэхдээ Ниссан Патрол маркийн машинтай давхар эргэж улмаар ёмкостын урд хэсгээр мөргөлдсөн тул баллон цоорон гал алджээ. Автомашин дэлбэрч шатаж байна гэсэн дуудлага 01-р сарын 24-ний өдрийн 01:07 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 35, 63 дугаар анги болон Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэжээ. Харамсалтай нь дэлбэрэлтийн улмаас 3 хүн амиа алдаж, 15 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Дэлбэрэлт үүссэний улмаас ойр орчмын барилга байгууламж, автомашин шатсан тул Е-Мартын худалдааны төвийн зүүн урд уулзвар, Баянмонгол хорооллын урд зам, Дүнжингарав худалдааны төвийн урд зам, Нарантуул худалдааны төвийн баруун урд уулзвараас урагш замын хөдөлгөөнд хязгаарлалт хийж тухайн орчимд галыг унтраах, өртөж хохирсон оршин суугч иргэдэд тусламж үзүүлсэн.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-аас мэдээлэл хийж, амиа алдсан алба хаагчдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийллээ.
ОБЕГ-ийн дарга Г.Ариунбуян:
Дуудлагын дагуу 200 гаруй алба хаагч ажиллаж, 02 цаг 15 минут гэхэд галыг бүрэн унтраасан. Энэ хугацаанд ойр орчмын орон сууцны иргэдийг нүүлгэн шилжүүлж аюулгүй байдлыг нь хангалаа. Гурван хүн нас барж, 15 хүн эмнэлгийн тусламж авсан. Газтай машин тойрог дээр хөдөлгөөн үйлдэхдээ зай анзаарахгүй давхар хий эргэлт хийж, автомашинтай мөргөлдсөнөөр гал алдсан. Энэ үед БЗД-ийн онцгой байдлын 63-р ангийн гурван алба хагач 40 метрийн зайд шидэгдсэн ёмкост өртөж амиа алдлаа. Алба хаагчдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж байна. Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.