Хархорин захын махны лангуу
Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэхийн хэрээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаж өсдөг. Ингэснээр нэмэгдэл цалин иргэдийн халаасанд биш өрхийн амьжиргааны зардалд зарцуулагдах нь бий. Үүний нэгэн жишээ бол махны үнэ. Махны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэхийн хэрээр иргэдийн дунд малчид махаа үнэтэй өгч байна гэх хардлага бий болдог. Гэвч мах малчны хотноос иргэдийн гарт хүрэх хүртэл хэд хэдэн үе шатыг дамждаг. Ингэх бүрдээ таван хошуу малын мах тус бүрээс 2000-7000 төгрөг нэмэгдэж хамгийн сүүлийн үнээр иргэдэд хүрч байгаа нь энэ юм.
Махны үнэ хаврын улиралд огцом нэмэгддэг. Нийслэлийн хүн амын махны хангамж, үнийг тодорхой хугацаанд тогтвортой барих зорилгоор нөөцийн махыг бэлтгэдэг. Ингэхдээ хэд хэдэн зах худалдааны төв, миний дэлгүүртэй гэрээ байгуулж ажилладаг.
Нөөцийн махыг чанар стандартын дагуу бэлтгэсэн гэдэг ч үнэн хэрэгтээ яс ихтэй, хатуу, хаягдал их гардаг гэж иргэд хэлдэг. Тэр ч бүү хэл нэг хүн 10 килограммаас илүү авч болохгүй, өглөө эрт очиж 1990-ээд оны картын бараанд оочирлодог шиг ээ зогсохгүй бол тэр өдөрт тараагдах мах нь дуусаж гар хоосон буцах нь бий. Нөөцийн махны үнэ 1000 төгрөгөөр нэмэгдэхэд зах худалдааны төвүүд дээрх үнэ дагаж нэмэгддэг. Иймд хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж махны үнэ наанадаж хоёр нугалагдаж байгаа юм.
Хархорин захын махны лангуу
Нийслэлийн статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2024 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.6 хувиар буюу 78 төгрөгөөр өссөн, хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.24 хувиар буюу 33 төгрөгөөр буурсан байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.8 хувиар буюу 133 төгрөгөөр өссөн, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.03 хувиар буюу 200 төгрөгөөр буурсан байна. Адууны ястай мах нэг килограмм нь дунджаар 12,100 төгрөг, ямааны ястай мах нэг килограмм нь дунджаар 12,100 төгрөг байсан. Харин арваннэгдүгээр сарын дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 13988 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 17735 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн цул махны үнэ 0.2 хувиар өсөж 20312 төгрөгийн үнэтэй байна.
Таван жилийн өмнө гэхэд энэ үнэ одоогийнхоос 41 хувиар бага байсан юм. Өнөөдөр 100 мянган төгрөгөөр үхрийн цул мах 4,9 килограммыг авах бол таван жилийн өмнө 6,9 килограмм мах авах байсан байна.
Инфографик -1.
Инфографик -2.
Дээр дурдсанчлан малчны хотноос иргэдийн гарт хүрэх хүртэл хэд хэдэн шат дамжлагыг дамждаг. Ингэхдээ байнга ченж нарын гараар дамжин өнгөрдөг. Тэд малчдаас малыг амьдаар нь эсвэл гулуузаар авч жижиглэж янзлаад өөрсдийн зах худалдааны төв дэх лангуу болон бусад махны худалдаачдад нийлүүлдэг.
Тэгвэл ченж буюу махны худалдаалагчид нь малчдаас таван хошуу малыг килограмм тутамд хонины махыг 8000, үхрийн махыг 11000, ямааны махыг 5500, адууны махыг 7000, тэмээний махыг 6000 төгрөгөөр авдаг. Харин зах худалдааны төвүүдэд хонины мах 16700, үхрийн мах 21800, ямааны мах 12600, адууны мах 14000, тэмээний мах 8000 төгрөгөөр зарагдаж байгаа юм.
Инфографик -3.
Малчид малаа хямдхан өгч, иргэд үнэтэй авснаар тэдний дундах ченжүүд ашигтай ажиллаж байгаа юм. Захын гадна байрлах машинтай, павильонтой зэрэг бөөний худалдаа эрхэлж байгаа ченжүүд нэг дор үйл ажиллагаа явуулж байгаа байдлаа ашиглан тухайн өдрийн махны үнийг хэлэлцэн тогтоох, зохиомол хязгаарлалт хийх зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрэн бүрдээд удаж байгаа. Зарим худалдааны төвийн худалдагчид Дэнжийн мянга, “Хүчит шонхор” захаас ямар үнэ тогтооно. Тэр үнээр зардаг гэсэн юм. Улаанбаатар хотын зах худалдааны төвүүдийн зарим худалдагч малчдаас малын мах худалдаж авдаг үнийн тухай ийнхүү ярилаа.
Иймд зарим малчин ченж нарт мөлжүүлэхгүй байх үүднээс өөрсдөө хэдэн зуу, хэдэн мянган километрийн цаанаас тээн авчирч гадаа зарах нь бий. Халуунд халж хүйтэнд хөрөн байж өсгөсөн хэдэн малаа хямд үнээр өгч хөдөлмөрөө үнэгүйдүүлэхгүй гэсэндээ тэр юм. Тэд махаа лангуун дээр зарагдах үнээс хямд худалдах бөгөөд иргэд ч худалдан авах нь их байдаг аж.
Дан ганц махны үнээс гадна тулгамдсан асуудал бол цэвэр, аюулгүй байдал юм. Учир юу вэ гэвэл ихэнх зах худалдааны төвийн лангуу махаа ил задгай байрлуулсан байдаг. Өвөл ханиад томууны улирал ч гэлтгүй зун ялаа шумуул элбэгтэй үед гаднаас өмсөж ирсэн хувцастайгаа, зарим үед зориулалтын бээлий бусад стандартын хувцас хэрэглэлгүй байдаг. Мөн гаднаас мах зөөвөрлөн орж ирж байгаа ажилчид нь зориулалтын хувцасгүй, зарим тохиолдолд иргэд дур мэдэн гараар хүрэх нь ч бий.
Энэ нь “Мах махан бүтээгдэхүүн Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага болох MNS 5023:2001, MNS 0703:2014 стандарт”-ийг зөрчиж байгаа юм. Энэ стандартад “Сар бүр малын гарал үүслийн гэрчилгээтэй, мал эмнэлэг, ариун цэврийн шинжилгээний дүгнэлттэй. Тээвэрлэлт, хадгалалт хамгаалалтын стандарт шаардлагыг хангасан байх. Зориулалтын агуулах болон бэлтгэн нийлүүлэгчээс шууд нийлүүлдэг байх. MNS 5547- 2005, MNS 219-79 чанарын аюулгүй байдал хангасан, MNS 4229-2005 сав баглаа боодлын шаардлага хангасан байна” гэж заасан.
Зураг -1.
Жишээлбэл, Үхрийн махны хувьд өнгө нь өөрийн өвөрмөц өнгөө хадгалсан. Тод улаан өнгөтэй. Өөх нь цагаан шаргал өнгөтэй. Цусны толбогүй. Хүрэн болон ногоон өнгөгүй. Үнэр нь хатуу өвөрмөц аятайхан үнэртэй. Үнэрийн өөрчлөлтгүй. Гадаад байдал нь стандартын дагуу бэлтгэсэн 1 ба 2-р зэргийн мах байна. Гадаргуу цэвэр хуурай. Загсаалтын хальстай. Биет байдал нь бүрэн бүтэн ясны гэмтэлгүй. Үс хялгасгүй цэвэрлэгдсэн. Хуруугаар дарсан хонхорхой арилдаг гэж заажээ. Иймд махны өнгө, үнэр, өөрчлөлт зэргээс хэр аюулгүй вэ гэдгийг харж болно.
Хархорин захын махны лангуу
Сүүлийн үед хонь, ямааны хүзүүний маханд идээт буглаа үүссэн байх нь олон болсон. Энэ нь малд халдварт өвчин эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор вакцин хийдэгтэй холбоотой юм. Гэтэл зарим малын эмч нар буруу тарих, малчид дур мэдэн эмчилснээс энэхүү эдээ буглаа үүсдэг байна.
Танд зах, худалдааны төвөөс мах худалдан авахад идээ, буглаатай мах таарч байсан уу? Хэрэв таарч байсан бол буцааж өгдөг үү, хаядаг уу. Эсвэл тухайн бугласан хэсгийг тойруулж авч хаяад хүнсэндээ хэрэглэчихдэг үү.
Бидний дийлэнх нь тойруулж огтолж хаяад, хэрэглэдэг. Харин антибиотикийн үлдэцтэй махыг бид хараад мэдэхгүй учраас идэж л байгаа. Гэхдээ антибиотик хэрэглэсэн малыг 28 хоногийн дотор нядалж хүнсэнд нийлүүлэхийг хориглодог. Сум багт байгаа мал эмнэлгийн нэгж анхан шатны үзлэг, нүдээр харсан мэдрэмжээр л гарал үүслийн бичиг хийж өгч байна. Харин эрүүлжсэн эсэх мэдээлэл малчны хот, ченжийн гар хаана ч хийгдэхгүй явсаар зах, худалдааны төв дээр ирдэг. Ийм махыг нэг бүрчлэн бус түүврийн аргаар дээж авдаг учир бидний идэж байгаа мах антибиотиктой байх боломжтой гэсэн үг юм. Антибиотикийн тестийг махны худалдааны захууд тогтмол хэрэглэх ёстой байдаг. Тарилга, вакцины найрлага, сууриас хамаарч малын гуя, хүзүүнд хийх заалттай ч үүн дотроо арьсанд, арьс махны завсар гэх мэт өөр өөр заалт бас байдаг.
Хархорин захын махны лангуу
Гэвч малчид үүнийг мэдэхгүй дур мэдэн тарих, нөгөө талаас зарим малын эмчийн мэдлэг, ур чадвар муу, хэнэггүй зан мөнгөний шуналын үзүүрээр мал нэг бүрийг тарих даа зүү солих, эсвэл спиртийн уусмалаар ариутгах аргачлалыг мэдэхгүйн үндсэнд тарилга, вакцин бохирлогдон нян, бактери үржин улмаар буглаа үүсгэн үлдэж буйг зарим мэргэжлийн хүмүүс хэлдэг.
Иймд бидэнд эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр аюулгүй орчинд бэлтгэн үйлдвэрлэсэн элдэв хаягдалгүй ариутгасан мах хэрэгтэй. Харин сүүлийн үед “Талын монгол”, “Primeat”, “Monbeef” зэрэг газрууд шинээр бий болсноор энэ хэрэгцээг бага ч гэсэн хангаж өгч байгаа юм. Тус байгууллагууд нь үйлдвэрийн нөхцөлд, тусгай технологиор махыг бэлтгэн нийлүүлдэг. Энэ нь гарал үүсэл нь тодорхой, антибиотикийн үлдэгдэлгүй, ямар нэгэн хаягдал булчин, шөрмөс гардаггүй гэдгээрээ давуу талтай юм. Энэ нь нэг талаараа иргэдийг эрүүл аюулгүй, баталгаатай хүнсээр хангаж байгаа. Нөгөө талаараа бизнесийн асар их орон зайг бий болгож байгаа юм.
Тэгвэл энэ боломж жирийн малчдад ч нээлттэй болж байгаа юм. 2024 оны дөрөвдүгээр сараас “Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд” уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан мал аж ахуйн салбарт үүсэж болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, мал аж ахуйн үйлдвэрлэл, малчдын хоршоог дэмжих замаар тогтвортой хөгжүүлэх зорилгоор "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлж эхэлсэн. Уг хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх таван их наядын "Шинэ хоршоо-Чинээлэг малчин" арга хэмжээний төлөвлөгөөг баталсан. Үүнээс хойш улсын хэмжээнд 5637 хоршоо шинээр байгуулагдаж, 58 мянган малчин хоршооны гишүүнээр элссэн байна. Одоогийн байдлаар 14,381 малчны 3,467 хоршоонд 495 тэрбум төгрөгийн чанаргүй зээл олгосон байна.
Зураг -2.
"Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд 5637 хоршоо шинээр байгуулагджээ.
Жишээлбэл, санаа нийлсэн таван малчин өрх нийлж төсөл бичин, банктай гэрээ байгуулснаар 50 сая төгрөгийг авна. Энэ мөнгийг газар дээрх биет болгоно гэхээс илүүтэйгээр байр, машины урьдчилгаа, оюутан хүүхдийн төлбөрт зарцуулагдсан гэж хэлж болно. Тэгвэл тус мөнгөөр малчид өөрсдийн гэсэн мах, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах бүрэн боломжтой. Ингэж үйлдвэр байгуулснаар малчид ченж нарын гараар дамжуулахгүйгээр малчнаас иргэдийн гарт шууд хүрэх бүрэн бололцоотой болох юм. Энэ нь цаашлаад малчдаас иргэдийн хооронд шууд худалдааг бий болгох, малчдын орлогыг нэмэгдүүлэх, үнийн хөөргөдлийг бууруулах, гарал үүсэл тодорхой, баталгаатай махыг худалдан авах зэрэг олон боломжуудыг олгох юм.
МУБИС-ийн НХУС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн оюутнуудын "No name" баг бүтээв.