11 сарын 26, 2024
Анхдугаар Үндсэн хуультай холбоотой 10 баримт
Анхдугаар Үндсэн хуультай холбоотой 10 баримт

Монгол Улсын Үндсэн хуулийг 1924, 1940, 1960, 1992 онуудад тус тус баталсан түүхтэй.

1. Анхдугаар Үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулах шийдвэрийг Ардын засгийн газар, Монгол ардын намаас 1922 оны 5 дугаар сарын 19-нд гаргаж,  тус ажлын хэсгийн даргаар Шүүх яамны сайд, хурц гүн Магсаржавыг томилжээ. 
2. Уг ажлын хэсэг Орос, Америк, Япон, Бельги зэрэг улс орны Үндсэн хуулиудыг орчуулж, судалж байсныг хөрөнгөтөн орнуудын Үндсэн хуулиудыг хуулах нь гэсэн үндэслэлээр 1922 оны 12 дугаар сард татан буулгаж, 1924 оны 9 дүгээр сарын 23-нд Ардын засгийн газрын Ерөнхий сайд Балингийн Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комисс байгуулсан байна.

aa7d000fea2a4652a3abc88a5a1b8e4b БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын худалдааны төв гудамж. 1926 он. /гэрэл зургийг Альберт Канн/

3. Улсын анхдугаар Их хурал 1924 оны 9 дүгээр сарын 8-нд Нийслэл хүрээнд эхэлж,  халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн Их хуралд төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 төлөөлөгч оролцсон байдаг. Тэд анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталжээ.
4. Хуудас бүр дээр нь “Ардын эрхт Монгол Улсын Хурлын тамга” гэсэн дөрвөлжин тамга дарсан Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 18 хуудас эх бичиг, тус Үндсэн хуулийн зүйл заалтыг тайлбарласан 72 хуудас тайлбар сэлтийн хамт эдүгээ Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хадгалагдаж байна.

fa2f05ad68b148cab84aa37a12cd399f БНМАУ-ын анхдугаар Үндсэн хуулийн бичмэл эх.1924 он

5. Анхдугаар Үндсэн хуулийн эх бичгийн сүүлийн хуудаст “Монгол Улсын 14 дүгээр оны 10 сарын 30 бөгөөд аргын улирлын 11 сарын 26-ны өдрийн үдийн хойт 4 цаг 17 минутад энэхүү Үндсэн хуулийг Улсын анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд батлав. Хурлын дарга Жадамба, дэд дарга Бадрах, нарийн бичгийн дарга Гэлэгсэнгэ, Дугаржанцан” хэмээжээ. 
6. Монгол Улсын анхны Үндсэн хууль нь 6 бүлэг, 50 зүйлтэй. Анхны Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах Бүрэн эрхтэй Ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хуулиар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” хэмээжээ. Энэ нь Монгол Улсын хувьд тусгаар тогтнолоо олох маш том алхам байв.
7. Монголчууд туурга тусгаар улс болсноо ийнхүү зарлахад хэдийгээр хоёрхон улс зөвшөөрөхөө мэдэгдсэн ч Монголын талаарх энэ мэдээлэл Америкийн “Нью Йорк таймс” сонинд нийтлэгдэн дэлхийн сонорт хүрсэн түүхтэй.

2957329fce06485bb191f4f5d4d93857

 8. Аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгаажиж байдаг. Тиймээс анхдугаар Үндсэн хуулиа баталсны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй. Анхдугаар Үндсэн хуульд “... улсын дээд эрхийг жинхэнэ ардад ... эдлүүлж”, “Улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэнэ” хэмээн тунхагласан энэхүү заалт одоо ч утга агуулгаа хадгалан ардчилсан шинэ Үндсэн хуульд оршсоор байгаа билээ.
9. Тусгаар тогтносон Монгол Улсын 14 дүгээр он буюу 1924 оны энэ өдөр "Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхтэй Ард Улс" хэмээн дотоод ба гадаадад тунхаглан зарлаж, хуульчлан бататгаажуулсан нь ХХ зууны түүхэн дэх онцгой үйл явдал хэмээн үздэг.
10. БНМАУ анхдугаар Үндсэн хуулийг энэ цагаас хойш 16 жил дагаж мөрдсөн түүхтэй.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар