11 сарын 25, 2024
Орос хэлний багш нар мэргэжил дээшлүүлнэ
Орос хэлний багш нар мэргэжил дээшлүүлнэ

Орос хэлний багш нар мэргэжил дээшлүүлнэ

Оросын Холбооны Улсад дээд боловсрол эзэмших хүсэл сонирхолтой монголын оюутан сурагчдад орос хэлний мэдлэгээ ахиулах шинэ боломж нээгдлээ. Залуучуудын санаачилгыг дэмжих Свердловск мужийн сангийн хүчин чармайлтын үр дүнд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сангийн дэмжлэгтэйгээр “Монголд орос хэлний сургалтыг цахимжуулах арга зүй” төсөл амжилттай хэрэгжиж байна.

Уг төслийн хүрээнд монголын 40 багш, сурагч Уралын их сургуулийн шинжээчидтэй хамтран монголын орос хэлний багш нарт зориулж цахим гарын авлага боловсруулжээ. Хөтөлбөр ёсоор орос хэлний найман хичээл боловсруулсны дөрвийг Уралын их сургуулийн багш нар, үлдсэн дөрвийг монголын багш нар зохиосон байна. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Свердловск мужийн олон улс, эдийн засгийн гадаад харилцааны яам дорвитой дэмжлэг үзүүлсэн байна.

oros_helnii_bagsh1 Орос хэлний багш нар мэргэжил дээшлүүлнэ.

Тус төслийн зохицуулагч, Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбооны ерөнхийлөгч Ц.Магсар “Одоо дунд сургуулиудад орос хэлний цаг багассан нь учир дутагдалтай байна. Долоон хоногт хоёр цаг байгаа. Ахлах ангид бүлэг бүрдүүлэхийн тулд орос хэл үзэх хүүхдийн тоо хүрэлцэх хэмжээнд байх ёстой. Үүнийг зохион байгуулах гэж, орос хэл судлуулах гэж зүтгэж ажиллаж ирсэн олон багш, сургуулийн удирдлагуудыг талархан дэмжиж байна. Төслийн материал, дүрс бичлэгүүд ч сургалтад туйлын хэрэгтэй бөгөөд энэхүү чухал төслийг хамтран хэрэгжүүлж буй байгууллагуудад биднээс илүүтэй Екатеринбург явж уг сургалтад оролцсон багш, сурагчид гүн талархалтай эргэж ирсэнийг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Ерөнхий утгаараа энэ бүхэн манай улсын орос хэлний сургалтад тустай ажил болж байна” гэв.

МУБИС-ийн орос хэл, арга зүйн тэнхмийн эрхлэгч, төслийн хамтран зохицуулагч Ш.Цолмон Монгол Улсад өнөөдөр орос хэл сурах хэрэгцээ нэмэгдэж, залуучуудын сонирхол идэвхжиж байгаа талаар ярив.