Цас орж хүйтэрнэ
Цас орж хүйтэрнэ

Өнөөдөр /11 дүгээр сарын 25/ Дорнодын тал нутгаар цасан шуурга шуурна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан энэ сарын 26-29-ний өдрийг хүртэлх таван хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. 

Өнөөдөр /11 дүгээр сарын 25/ Дорнодын тал нутгаар цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, ихэнх нутгаар хүйтрэхийг малчид, иргэд, тээвэрчдэд онцгойлон анхааруулж байна. 

Хур тунадас: 

11 дүгээр сарын 26, 27-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 

28, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи:

Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур:

Ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст хүйтэн Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -25...-30 хэм, өдөртөө -13...-18 хэм, 

Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -11...-16 хэм, өдөртөө +2…-3 хэм, 

Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -14…-19 хэм, өдөртөө -1...-6 хэм бусад нутгаар шөнөдөө -18…-23 хэм, өдөртөө -8...-13 хэм хүйтэн байна.