АНУ, БНСУ-ын элчин сайдын яамтай хамтарсан “Хариуцлагатай аялцгаая” аян эхэллээ
АНУ, БНСУ-ын элчин сайдын яамтай хамтарсан “Хариуцлагатай аялцгаая” аян эхэллээ

“Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны хоёрдугаар аяны нээлт Гадаад харилцааны яаманд боллоо.

“Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны хоёрдугаар аяны нээлт өнөөдөр /2024.11.22/ Гадаад харилцааны яаманд боллоо. Энэ удаагийн аяныг АНУ болон БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдтай хамтран хэрэгжүүлж байна. 2017 онд анх “Хариуцлагатай аялцгаая” аяныг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран хэрэгжүүлснээр манай улсын иргэд аяллын визээр тус улсад зорчихдоо хугацаа хэтрүүлдэг зөрчил есөөс 3,9 хувь болж буурсан үр дүн гарч байжээ.

ghya_travel_responsiblity_5 ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг 

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг "Манай улсын энгийн гадаад паспорттой иргэд одоогийн байдлаар дэлхийн 30 улсад зорчиж байна. Үүнийг нэмэгдүүлж визгүй зорчих боломжийг бүрдүүлэх, визтэй улсыг зорихдоо бүрдүүлдэг материалын тоог цөөлөх, иргэдийнхээ гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг нь бидний тэргүүлэх зорилтын нэг байдаг. Манай улсын зарим иргэн хууль тогтоомж зөрчиж, хуурамч материал бүрдүүлэн виз мэдүүлэх тохиолдол бий. Энэ нь тухайн улсын консулуудад хүндрэл учруулдаг, виз мэдүүлэгч монголчуудад итгэх итгэл нь сулардаг, шалгах процесс удааширдаг зэрэг асуудал үүсдэг. Нэг хүний хариуцлагагүй байдал гурван сая монголчуудыг гадаадад зорчиход нөлөөлж байна. Иймд хүн болгон хариуцлагатай, ухамсартай байхыг уриалах, мэдээлэл олгох, соён гэгээрүүлэх чиглэлийн ажлыг энэ аяныхаа хүрээнд хийнэ. Ер нь визийн зөрчлийг бууруулснаар виз мэдүүлэх, хүлээн авах хугацаа, татгалзаж байгаа хувийг бууруулахад онцгой ач холбогдолтой” гэж ярилаа.

ghya_travel_responsiblity_4  АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган 

АНУ-ын Элчин сайдын яамнаас өнгөрсөн 12 сарын хугацаанд 18 мянган монгол иргэнд виз олгожээ. Мөн 3000 монгол оюутан АНУ-д суралцаж байгаа аж. Аливаа төрлийн виз аваад тухайн улсад зорчихдоо дүрэм журам, хуулийг нь мэдэж, мөрдөх нь маш чухал. Визнийхээ журмыг хэтрүүлэхгүй зорилгынхоо дагуу аялаад, суралцаад цагтаа буцаж ирэх шаардлагыг ойлгож байгаа хүн бол хариуцлагатай аялагч гэж АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган тодотгосон юм.

ghya_travel_responsiblity_6 (1) БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой жин Вон

Харин БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой жин Вон “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын 170 мянга гаруй хүн БНСУ-д зорчих виз мэдүүлснээс 80-90 мянгад нь виз олгосон мэдээлэл байдаг. Гадаад харилцааны яамнаас АНУ-ын болон манай Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж буй энэ аян үр дүнд хүрч хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэж бодож байна” гэлээ. Мөн БНСУ-д манай улсын 57 мянган иргэн ажиллаж, амьдарч байгаагийн 33 хувь нь хууль бусаар оршин сууж байна гэдэг мэдээллийг өгсөн юм.