Уур амьсгалын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх төслүүдэд гарын үсэг зурлаа
Уур амьсгалын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх төслүүдэд гарын үсэг зурлаа

Хоёр төслийн гэрээнд Сангийн сайд Б.Жавхлан болон АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин нар гарын үсэг зуржээ.

Азийн Хөгжлийн Банк болон Монгол Улсын Засгийн газар өнөөдөр уур амьсгалын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, иргэдийн орлогод нийцсэн, чанартай эрүүл мэндийн үйлчилгээг улсын хэмжээнд сайжруулах зорилготой хоёр төслийн гэрээнд Сангийн сайд Б.Жавхлан болон АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин нар гарын үсэг зуржээ.

“Эдгээр төсөл нь Монгол Улсын хөгжлийг илүү тогтвортой, уян хатан, хүртээмжтэй болгох чиглэлд хийж буй чухал алхам юм” гэж суурин төлөөлөгч Шэннон Коулин хэлээд, “Уур амьсгалын үйл ажиллагааг улсын төсөв, төлөвлөгөөнд тусгаснаар төрөөс болон хувийн хэвшлээс уур амьсгалын санхүүжилтийг босгох боломжтой болж, нүүрстөрөгчийн ялгарал багатай, хүртээмжтэй, дархлаатай эдийн засгийг хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ” хэмээн тодруулав.

100 сая ам.долларын бодлогын зээл болох Уур амьсгалын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх хөтөлбөр (Дэд хөтөлбөр 1) нь “Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмэр” болон “Үндэсний дасан зохицох төлөвлөгөө”-ний хүрээнд уур амьсгалын зорилтуудаа биелүүлэх Монгол Улсын чадавхыг бэхжүүлэх бөгөөд жендэрийн мэдрэмжтэй үйл ажиллагааг дэмжих юм.

Мөн уур амьсгалын үйл ажиллагааны институцийн хүрээ, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, төсвийн тогтолцоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Үүнд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих, барилгын салбарт эрчим хүчний үр ашигтай хэрэглээг нэмэгдүүлэх, уур амьсгалд тэсвэртэй хөдөө аж ахуй, мал аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэгт чиглэсэн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх бодлогын арга хэмжээнүүд багтана.

Энэхүү хөтөлбөр нь ногоон бонд гаргах замаар уур амьсгалын санхүүжилтийн механизмыг сайжруулж, банкны салбарын ногоон зээлийн багцыг нэмэгдүүлэх болно. Мөн салбарын хөрөнгө оруулалтын замын зургийг нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай, уур амьсгалд тэсвэртэй хөгжлийг дэмжих чиглэлээр сайжруулах зорилготой. Ингэхдээ эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт төвлөрөх юм.

Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хоёрдугаар үе шат болох 82.2 сая ам.долларын төсөл нь хот, хөдөөгийн анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх, аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, стратегийн худалдан авалтын загварыг шинэчлэх, худалдан авалт, санхүүгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэхэд чиглэнэ.

Төслийн хүрээнд Чингэлтэй дүүрэгт шинэ эмнэлэг барьж, Ховд аймгийн одоо байгаа эмнэлгийг шинэчилж, өргөтгөх бөгөөд ингэхдээ нүүрсхүчлийн хийн ялгарал багатай шийдлүүдийг ашиглана. Мөн Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд зургаан шинэ өрхийн эмнэлэг жендерийн асуудлыг анхаарсан шийдлээр барих бөгөөд нэг сумын эрүүл мэндийн төвийг байгуулах юм. Төслийн хүрээнд сонгогдсон эмнэлгүүдэд яаралтай тусламжийн тоног төхөөрөмж нийлүүлж, анхан шатны эрүүл мэндийн санхүүжилт, боловсон хүчин, худалдан авалтын системийг шинэчилж, нэгдсэн эрүүл мэндийн үйлчилгээний загварыг хэрэгжүүлэх болно. 

Цаашлаад энэ төслийн хүрээнд эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлж, эрүүл мэндийн салбарын холбогдох төрийн байгууллагуудын худалдан авалт, санхүүгийн удирдлагын чадавхыг сайжруулах юм.