НҮБ-ын Хүүхдийн сангийн бага насны хүүхдийн хөгжлийн мэргэжилтэн С.Өлзийсайхан
НҮБ-ын Хүүхдийн сан тав хүртэлх насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч нарын дунд “Хариу үйлдэлт асаргаа халамж” сэдэвт судалгааг 2023 онд анх удаа үндэсний хэмжээнд хийсэн байна. Монгол улсад хариу үйлдэлт асаргаа халамжийн хувь 71.9 байгаа ба үлдсэн хувь нь асаргаа халамжийг хангалтгүй үзүүлдэг гэсэн ерөнхий үр дүн гарсан байна. Энэ судалгаатай холбоотой мэдээллийг НҮБ-ын Хүүхдийн сангийн бага насны хүүхдийн хөгжлийн мэргэжилтэн С.Өлзийсайханаас тодрууллаа.
- Анх удаа үндэсний хэмжээнд хийсэн энэ судалгааны гол үр дүнгээс танилцуулна уу?
- Судалгаанд оролцогчдын 72 орчим хувь нь хүүхдэдээ асаргаа халамж сайн үзүүлдэг, үлдсэн хувь нь төдийлөн асаргаа халамж үзүүлдэггүй юм байна гэсэн ерөнхий үр дүн гарсан. Илүү задалбал жишээ нь, хүүхдүүдийн 62 хувь нь хэл ярианы бэрхшээлтэй гэх асуудлаар эцэг эхчүүд эмнэлэгт ханддаг. Харин шалтгаан нь хүүхэд гар утас их хэрэглэснээс болдог байна. Ингээд харахаар хүүхэд хэлд орохгүй байгаа гол шалтгаан гар утас хэт их үзэж буйтай холбоотой. Мөн аавуудын оролцоо маш тааруу гэсэн үр дүн гарсан. Ялангуяа хөдөө орон нутаг дахь аавуудын оролцоо, хүүхдээ харах, анхаарах оролцоо 20 хувиас бага байна .
- Судалгаагаар зарим эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал халамж тавихгүй байгаа нь ямар шалтгаантай байна вэ?
- Эцэг эхчүүдээс хүүхдэдээ анхаарал тавихад ямар асуудал тулгарч байна вэ, ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ? гэж асуухад ажлын ачаалал их байна гэж дийлэнх нь хариулсан байна. Тиймээс төрийн, хувийн байгууллагууд гэр бүлүүдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэхийг уриалмаар байгаа юм. Хүүхэд өвдөхөд цалинтай чөлөө олгох, хүүхдээ асрах, халамжлах энэ боломжийг нь л олгодог байх хэрэгцээ, шаардлага байгаа нь харагдаж байна.
- Эцэг, эхчүүд үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэл үйлдээд байна гэж ойлгож болох уу?
- Энэ судалгаагаар хүүхдээ хамгаалж байна уу, асарч байна уу юу гэсэн мэдээллүүдийг бас цуглуулсан. Тэгээд тодорхой хэмжээнд хүүхдүүдийг үл хайхрах байдал ажиглагдсан. Гэртээ, ганцааранг нь байлгах, 10-аас доош насны хүүхдээр дүүг нь харуулах ч гэдэг юм уу. Тэгэхээр бид нар эцэг эхчүүддээ хүүхдээ илүү анхааръя, хамгаалъя гэсэн нөлөөллийн ажлууд хийхээр төлөвлөж байна. Бас нэг анхаарал татахаар үр дүн нь эцэг эхчүүд хүүхдийн хөгжлийн талаар мэдээллийг ихэвчлэн фэйсбүүкээс авдаг нь тогтоогдсон. Тиймээс бид нар яг шинжлэх ухааны нотолгоонд суурилсан мэргэжлийн хүмүүсээр ийм төрлийн мэдээллийг өгүүлэх хэрэгтэй юм байна аа гэж харж байна.
- Ярилцсанд баярлалаа