"Ид шидийн орон-Өвөрхангай" төслийн багийнхан УИХ-ын зарим гишүүнтэй уулзжээ.
Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төв байгуулах үйл ажиллагаа үргэлжилж байна. Лантуун дохио ТББ-ын “Ид шидийн орон” төслийн жишиг загвар хэрэгжих бөгөөд одоогоор барилгын суурийн ажлыг хийж, ногоон байгууламжийг асуудлыг шийдвэрлэжээ.
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл тус төвийн цахим номын санг тохижуулахад санхүүгийн, гишүүн Г.Хосбаяр барилгын материалын тусламж үзүүлэхээ илэрхийлжээ. УИХ-ын гишүүн Д.Ганбат номын сан, кофе шопын өрөөний тохижилтод тусална гэсэн бол гишүүн П.Батчимэг, П.Мөнхтулга нар хандивын үйл ажиллагааг дэмжиж ажиллана гэжээ. Мөн төслийн багийнхан УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Д.Жаргалсайхан, Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар нартай уулзсан байна.
Өвөрхангай аймагт "Ид шидийн орон" байгуулах ажил үргэлжилж байна.
Арвайхээр сумын ЗДТГ-аас “Ид шидийн орон-Өвөрхангай” төсөлд 3840 м.кв газар олгосон бөгөөд 15 хувьд төвийн барилга, 85 хувь нь явган зам, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын, спортын талбай, задгай театр зэрэг тохижилт хийхээр төлөвлөж байна. “Ид шидийн орон-Өвөрхангай” төв нь шинжлэх ухаан, технологи, спорт, соёл урлагийн сургалтын танхим, кофе шоп, номын сан, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөө зэргээс бүтнэ. Аймаг, орон нутгийн хүүхэд багачуудыг тэгш хүртээмжтэй хөгжүүлэх, олон төрлийн сургалт, хөгжлийн үйл ажиллагаанд хамруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлж, чадавхжуулах уг төсөлд 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд 100 хувь хандив тусламжаар баригдана гэж төслийн багийнхан онцолж байна.