Ахуйн хөргөгч ашиглахаа больсноор цусан бүтээгдэхүүний хадгалах хугацаа уртасжээ
Ахуйн хөргөгч ашиглахаа больсноор цусан бүтээгдэхүүний хадгалах хугацаа уртасжээ

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг болон АХБ-ны төлөөлөгчдийн уулзалт

 Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр -5”-н хүрээнд дөрвөн төсөл хэрэгжсэн байна. Эдгээр төсөл нь орон нутгийн эрүүл мэндийн салбарын амин чухал асуудлуудыг шийдвэрлэж, өмнөх байдалтайгаа харьцуулан үзвээс бүхэл бүтэн хөгжлийн үе шатанд гарч ирсэн мэт өөрчлөлтүүд гарсан гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од онцолж байлаа.

Нэгдсэн эмнэлгийн цус цусан бүтээгдэхүүний хангамж, аюулгүй байдлыг сайжруулснаар 3-4 төрлийн цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 8-9 болон нэмэгджээ. -80 хэмийн хөлдөөгчтэй болсноор зөвхөн дээд талдаа жижиг хөлдөөгчтэй ахуйн хөргөгч ашиглаж сийвэн хөлдөөдөг байсан цаг ард хоцорч гүн хөлдөөгчид таван жил хүртэл хадгалах боломж бүрдсэн байна. Энэ нь нөөцийг их хэмжээгээр бүрдүүлж цусан бүтээгдэхүүний дутагдлаас сэргийлэх, халдварыг бууруулах зэрэг давуу талтай.

selenge_tsusnii_tub Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн Цусны салбар төв

Мөн түмпэнд халуун ус хийж байгаад хөлдүү сийвэнгээ гэсгээдэг байсан бол одоо тасалгааны хэмийн дулаантай нэрмэл устай тусгай аппарат ашиглаж 30-35 минутын дотор өвчтөнд сэлбэхэд бэлэн болдог болжээ. 

Поликлиникийн тасгийн сувилагч Ч.Мөнхцэцэг “Сэлэнгэ аймаг 1000 гаруй донортой үүнээс байнга цусаа өгдөг 360 орчим хүн бий. Цусны төв байгуулагдахаас өмнө аймгийн төвийн төсвийн байгууллагуудаар явж цус цуглуулдаг байсан. Цусны төвтэй болж, зориулалтын тээвэрлэх хүйтэн хэлхээний савнуудаар хангагдсан учир сумуудаар явж донор элсүүлж, цус цусан бүтээгдэхүүн цуглуулдаг болсон” гэлээ.