УИХ өнгөрсөн оны сүүлээр Эрүүгийн болон Зөрчлийн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, энэ сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн хэрэгжилтийн талаар Тээврийн прокурорын газрын ахлах прокурор Д.Дамдинсүрэнгээс тодруулсныг хүргэе.
- Эхлээд Зөрчлийн тухай хуульд жолооч нарт хамаарах ямар өөрчлөлт орсон тухай товч мэдээлэл өгөөч?
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн дагаа хариуцлага хүлээлгэдэг. Хуулийн энэ хэсэгт согтуугаар болон жолооны эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангаруулах талаар нэмэлт, өөрчлөлт орсон тул иргэд анхаарах хэрэгтэй байгаа юм. Тодруулбал, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол өмнө нь 200 мянган төгрөгөөр торгуулдаг байсан. Тэгвэл одоо 400 мянган төгрөгөөр торгуулахаар болсон.
Мөн жолооч, эсхүл жолоодох эрхгүй, эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийвэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь нэг жилийн хугацаагаар хасаж, 400 мянган төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар болсон. Хэрвээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийж жолооны эрхээ хасуулсан хүн уг зөрчлийг гаргавал эрүүгийн хариуцлага хүлээнэ.
Энэ тохиолдолд жолооны эрхийг нь 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр сая 700 мянгаас 14 сая хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих ял шийтгэхээр зохицуулсан заалтыг одоо мөрдөж байна.
- Хууль хэрэгжиж эхэлснээс хойш согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурав уу? Хууль хэрхэн хэрэгжиж байна вэ?
Манай улсад сүүлийн 10 жилийн хугацаанд автомашины тоо 2.8 дахин өсөж, одоогоор нэг сая 350 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна гэсэн судалгаа бий. Автомашины тоо өсөхийн хэрээр зам тээврийн осол, ялангуяа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил жил бүр нэмэгдэж буй учраас хуулийн хариуцлагыг чангаруулах хэрэгцээ, шаардлага үүссэн гэж хэлж болно.
2023 оны 11-р сарын байдлаар улсын хэмжээнд жолооч согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон 32.146, эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо барьж замын хөдөлгөөнд оролцсон 4.187, жолооны эрхгүй, эрхээ хасуулсан хүн тээврийн хэрэгсэл жолоодсон 13.107 зөрчил бүртгэгдсэн. Эндээсхарахад эрхээ хасуулсан хүн дахин согтуугаар жолоо барьж замын хөдөлгөөнд оролцох зөрчил сард дунджаар 380 орчим гарч байж.
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хэрэгжүүлж эхэлснээс хойш 16 хоногийн хугацаанд буюу 2024 оны 1-р сарын 01-16-нд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 729 зөрчил улсын хэмжээнд гарчээ. Үүнээс өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан 96 хүн дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол гарлаа. Энэ 96 хүнд хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэж магадгүй байгаа учраас иргэд үүнийг анхаарч, цаашид хууль тогтоомжийг биелүүлэн, замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцох хэрэгтэйг анхааруулъя.
- Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: УЕПГ-ын Олон нийттэй харилцах алба