АХБ-ны санхүүжилтээр Дархан, Сэлэнгэ аймагт хэрэгжсэн зарим төсөлтэй танилцав.
Улаанбаатарынхан бид утаа, түгжрэл, улс төрчийн “идэш ууш”, үхрийн цул махны үнэ нэмсэн тухай гээд болж бүтэхгүй байгаа тухай л ихэвчлэн үзэж, уншиж, сонсдог болж. Ялангуяа цахим орчинд идэвхтэй байдаг эсвэл үргэлж мэдээллийн урсгалтай зэрэгцэж явдаг бол “мэдээллийн бөмбөгдөлт”-д өртөж ухаан балартам гэхэд хилсдэхгүй.
Харин энэ сурвалжилгаас та бүхэн болж, бүтэж буй болсон, бүтсэн, бүтээсэн юмсын тухай мэдээлэл авна. Монгол Улстай 30 гаруй жил түншилж, хамтран ажиллаж буй Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж Дархан-Уул, Сэлэнгэ аймагт хэрэгжсэн зарим төслийн үйл ажиллагаа, үр дүнтэй танилцах аялал энэ сарын 13-15-ны өдөр боллоо.
Бохир усыг 98 хувь цэвэршүүлэх технологитой цэвэрлэх байгууламж
Аяллын эхний зогсоол Дархан-Уул аймагт Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн "Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл” буюу шинэ төв цэвэрлэх байгууламж.
Хоногт 24 мянган метр.куб бохир ус цэвэршүүлэх хүчин чадалтай Дархан хотын бохир ус цэвэршүүлэх байгууламжийн байр
Төв цэвэрлэх байгууламж хоногт 24 мянган метр.куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай төлөвлөгдсөн бөгөөд бохир ус цуглуулах, цэвэрлэх системийг 2040 оноос хойш бүрэн чадлаар нь ашиглах боломжтой гэж мэргэжилтнүүд тооцоолжээ. “Одоогийн байдлаар хоногт 8200-10 мянган метр.куб бохир усыг хүлээн авч механик болон биологи цэвэрлэгээг хийж, халдваргүйжүүлж, Хараа голд 98 хувь цэвэрлэсэн ус нийлүүлж байна” гэж Дархан-Ус суваг ХК-ийн төслийн менежер Ю.Эрдэнэжаргал ярилаа.
Дархан хотын төв цэвэршүүлэх байгууламжид ирж буй бохир ус болон 98 хувь цэвэршүүлж байгальд нийлүүлэхэд бэлэн болсон усны ялгааг туршилтаар харуулж байна.
Мөн тус компанийн дэд захирал Т.Буяндэлгэр “Лагийг бүрэн боловсруулж газ гаргаж авах туршилтын ажлуудыг хийж байна. Метан хийг боловсруулан газ гаргаж аваад цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж цэвэрлэх байгууламжийн дотоод хэрэгцээнд ашиглах боломж бүрдүүлж байгаа. Ирэх онд ашиглаж эхлэх энэ технологийг монголдоо анхлан нэвтрүүлж байна” гэдгийг онцолсон.
Дарханы шинэ сургуульд 1000 гаруй хүүхэд суралцаж байна
Дархан-Уул аймагт өнгөрсөн есдүгээр сарын 1-ээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн 31 дүгээр сургуульд 1000 гаруй хүүхэд суралцаж байна.
Бид энэ жил үйл ажиллагаагаа эхлүүлж өнгөрөгч есдүгээр сарын 1-ээс сурагчдаа хүлээн авсан Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ирлээ. Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар олон улсын стандартын дагуу баригдсан 960 хүүхдийн суудалтай эко сургуульд өнөөдрийн байдлаар 1000 гаруй сурагч хоёр ээлжээр хичээллэж байна.
Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт тус сургууль байгуулагдсанаар хүн ам ихээр төвлөрсөн тухайн бүсийн сургуулиудыг гурван ээлжээр хичээллэх эрсдэлээс хамгаалжээ. Сургуулийн барилга, анги танхим, сандал ширээ, спорт, урлаг заал зэрэг нь олон улсын стандартад нийцсэн бөгөөд сурагч, багш, ажилчдын ажиллах, суралцах орчныг бүрдүүлсэн байна.
31 дүгээр сургуулийн спорт заалыг олон улсын стандартад нийцүүлэн барьжээ.
Чадавхжуулах хөтөлбөрт суралцсан эмэгтэйчүүдийн орлого нэмэгдэж, гэр бүлийн зөрчил багасжээ
Дараагийн зогсоол Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах, амьжиргааны дэмжлэг, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх болон урьдчилан сэргийлэх, хамтарсан багийг чадавхжуулах чиглэлтэй түр хамгаалах байрыг Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар орон нутагт таван газар байгуулсны нэг нь энд байрладаг. Энэ оны эхний 10 сарын байдлаар түр хамгаалах байр хүчирхийлэлд өртсөн 70 хүн хүлээн авч үйлчилгээ үзүүлсний 10 нь насан хүрэгч бол 60 нь хүүхэд тэр тусмаа үл хайхрах хүчирхийллийн хохирогч болсон бага насны хүүхэд байжээ.
Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байрын амралтын өрөө
Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг түр хамгаалах байр анх Алтанбулаг суманд зуны байшинд дөрвөн хүн хүлээн авах боломжтойгоор байгуулагдаж байсан аж. Харин АХБ-ны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд өнөөгийн байршилд шилжүүлэн олон улсын стандартад нийцүүлэн шинэчилж, хүний нөөц, дэд бүтцийг асуудлыг бүрэн шийдвэрлэж өнгөрсөн оны 10 дугаар сард ашиглалтад оруулжээ. Ажилтнуудын цалин хангамж болон байгууллагын бүх урсгал зардлыг орон нутгийн төсөвт тусгаж шийдвэрлэсэн байна.
Ингэснээр тус төвийн ажилтнууд зуны байранд ажиллаж, үйлчлүүлэгчдийнхээ хоол, ундыг бэлтгэх, ус зөөх, түлээ хагалах зэрэгт гаргадаг байсан цаг хугацаагаа хүчирхийллийг даван туулагчидтайгаа ажиллахад бүрэн зориулдаг болсон гэж аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Ч.Анхтуяа ярилаа.
Түр хамгаалах байрын сэтгэл зүйчийн өрөө
Хүчирхийллийг бууруулахад, урьдчилан сэргийлэхэд эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлж, хүчирхийлэл үйлдэгдэж буй суурь шалтгааныг арилгах нь чухал гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Энэ хүрээнд Сэлэнгэ аймагт 10 эмэгтэйг чадавхжуулах хөтөлбөрт хамруулж ур чадвар олгосноор гэр бүл дэх зөрчил багасаж, өрхийн орлого нь нэмэгдсэн зэрэг эерэг үр дүн гарсан гэдгийг АХБ-ны ахлах мэргэжилтэн Г.Саранзаяа онцолсон юм.
Сэлэнгийн нэгдсэн эмнэлэгт хэрэгжсэн дөрвөн төсөл - эерэг өөрчлөлт
Хуучны сүм мэт дээвэртэй, орос маягийн хуучивтар барилгад Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг ажээ. Аймгийн эрүүл мэндийн төвд Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр -5”-н хүрээнд дөрвөн төсөл хэрэгжсэн.
Энэ нь орон нутгийн эрүүл мэндийн салбарын амин чухал асуудлуудыг шийдвэрлэж, өмнөх байдалтайгаа харьцуулан үзвээс бүхэл бүтэн хөгжлийн үе шатанд гарч ирсэн мэт өөрчлөлтүүд гарсан гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од онцолж байлаа.
Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг болон Эрүүл мэндийн газрын байр
Нэгдүгээрт, нэгдсэн эмнэлгийн цус цусан бүтээгдэхүүний хангамж, аюулгүй байдлыг сайжруулснаар 3-4 төрлийн цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 8-9 болон нэмэгджээ. -80 хэмийн хөлдөөгчтэй болсноор зөвхөн дээд талдаа жижиг хөлдөөгчтэй ахуйн хөргөгч ашиглаж сийвэн хөлдөөдөг байсан цаг ард хоцорч гүн хөлдөөгчид таван жил хүртэл хадгалах боломж бүрдсэн байна. Энэ нь нөөцийг их хэмжээгээр бүрдүүлж цусан бүтээгдэхүүний дутагдлаас сэргийлэх, халдварыг бууруулах зэрэг давуу талтай.
Нэгдсэн эмнэлэгт хэрэгжсэн дөрвөн төслийн үр дүнг 12 хэсэгт хуваасныг танилцуулав.
Мөн түмпэнд халуун ус хийж байгаад хөлдүү сийвэнгээ гэсгээдэг байсан бол одоо тасалгааны хэмийн дулаантай нэрмэл устай тусгай аппарат ашиглаж 30-35 минутын дотор өвчтөнд сэлбэхэд бэлэн болдог болжээ. Поликлиникийн тасгийн сувилагч Ч.Мөнхцэцэг “Сэлэнгэ аймаг 1000 гаруй донортой үүнээс байнга цусаа өгдөг 360 орчим хүн бий. Цусны төв байгуулагдахаас өмнө аймгийн төвийн төсвийн байгууллагуудаар явж цус цуглуулдаг байсан. Цусны төвтэй болж, зориулалтын тээвэрлэх хүйтэн хэлхээний савнуудаар хангагдсан учир сумуудаар явж донор элсүүлж, цус цусан бүтээгдэхүүн цуглуулдаг болсон” гэлээ.
Сэлэнгэ аймгийн ЭМГ, нэгдсэн эмнэлэг болон АХБ-ны төлөөлөгчдийн уулзалт
Хоёрдугаарт, ариутгалын тасгийг шинэчилж олон улсын стандартад нийцсэн орчин үеийн төхөөрөмж ашиглаж эхэлснээр бүх багажийг төхөөрөмжөөр ариутгадаг болжээ. Ингэснээр ариутгасан багажийн хадгалах хугацаа долоо хоногоос зургаан сар хүртэл уртсаж, эмнэлгийн багажаар халдвар дамжих эрсдэлээс сэргийлжээ. Плазм ариутгал буюу дурангийн мэс заслын болон амьсгалын аппаратын хэрэгсэл, лабораторийн хэрэгслүүдийг ариутгах төхөөрөмжтэй болсноор 2019 оноос хойш нэгдсэн эмнэлэгт дурангийн хагалгааг байнга хийдэг болсон байна.
Ариутгаж, халдваргүйжүүлэн савласан багаж хэрэгсэл. Ингэснээр хадгалалтын хугацаа уртасжээ.
Ариутгалын тасгийн ариутгагч Ж.Чанцалсүрэн “Багаж ариутгалаас шалтгаалан хагалгаа хүлээгдэх тохиолдол гардаг байсан. 2019 оны гуравдугаар сард энэ төхөөрөмжүүдийг ашиглаж эхлэхээс өмнө гар ажиллагаа их оролцдог орос аппарат ашиглаж байсан. Даавуун материалд боогоод бикст хийж ариутгадаг байсан бол одоо ариутгах багажуудаа хийгээд кноп дарчихад л тодорхой цагтаа ариутгагдаад гараад ирдэг болсон” гэв.
Нэгдсэн эмнэлгийн Бактерлогийн лабораторийн олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжүүд
Гуравдугаарт, бактерлогийн лабораторийн үйл ажиллагааг дэмжсэнээр нянд тэсвэртэй халдваруудыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд дэвшил гарчээ. Тэрчлэн эмнэлгийн дотоод халдварын хувь 12-оос найм болж буурсан байна.
Бүрэн автомат төхөөрөмж бүх төрлийн аюултай хогийг буталж, халдваргүйжүүлдэг.
Эмнэлгийн хог хаягдлын менежментийн нэгжийн барилгыг тусгайлан барьж, олон улсын стандартад нийцсэн орчин үеийн тоног төхөөрөмж ашиглаж эхэлсэн нь хүрээлэн буй орчны аюулгүй байдалд чухал ач холбогдолтой ажил болжээ. Энэ бол тус эмнэлэгт хэрэгжсэн дөрөв дэх төсөл.
Хэвтэн эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдийн тооноос шалтгаалаад хоногт дунджаар 45 кг халдвартай хог хаягдал гардаг бөгөөд хурц үзүүртэй, хуванцар зэрэг бүх төрлийн аюултай хог хаягдлыг буталж, халдваргүйжүүлж, овор хэмжээг нь багасгаад тусгай хогийн цэгт хаядаг ажээ.
“Ургац Ерөө” хоршооныхон “жимсүүхэй”-гээ Улаанбаатарт худалдаалжээ
Аяллын нэгэн сонирхолтой бөгөөд амттай хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байлаа. “Ургац Ерөө” хоршооныхон энэ намар арвин ургац хураажээ. Бүрэлдэхүүндээ 71 өрх, нэг бүлэгтэй тус хоршоо 2021 оны байдлаар 42.5 га ил талбайд, 2,398 метр.квадрат хүлэмжид төмс, хүнсний ногоо болон төрөл бүрийн нарийн ногоо тариалж байна. Шинэхэн тариалсан “жимсүүхэй” нэрт улаан лоолио Улаанбаатар хотод томоохон сүлжээ дэлгүүрээр борлуулсан явдал нь хоршооны тариаланчдад урам зориг болжээ.
"Ургац Ерөө" хоршоонд 71 өрхийн 200 гаруй хүн хамрагдаж хүнсний ногооны үйлдвэрлэл болон мал аж ахуй эрхэлдэг.
Ерөө сумынхан эвлэлдэн нэгдэж хүнсний ногоо тарьж, ургуулан нэгдсэн сувгаар борлуулж буй “Ургац Ерөө” хоршоо байгуулагдсан шалтгаан нь Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар Увс, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт хэрэгжиж буй “Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах төсөл” юм.
“Ургац Ерөө” хоршооны тэргүүлэгч Н.Баасансүрэн “Ядуурлыг бууруулах, ажилгүй хүмүүст ажил хийх, орлого олох боломж олгож буй энэхүү төсөл ногоочин бидэнд болон сум орон нутагт үр өгөөжөө өгч байна. Манай хоршоо хүлэмжээ хүлээн авснаас хойш гурав дахь жилдээ тариалалт хийлээ. Ургац сайн, ашиг орлоготой сайхан байна. Азийн хөгжлийн банкнаас бидэнд энэ том хүлэмжээс гадна өрхийн хэрэглээнд тааруулан том, жижиг 30 нийлэг хүлэмж өгсөн. Хоршооны өрхүүд тэдгээр хүлэмжээ хашаандаа бариад төрөл бүрийн ногоо тарьж байна. Мөн бид тариалсан бүдүүн ногоогоо уул уурхайн компанид гэрээгээр нийлүүлдэг, нарийн ногоогоо даршилж, савлаж худалдаалдаг. Янз бүрийн үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцдог. Үйл ажиллагаа сайн явж үр дүн өндөр байгаа” гэж ярилаа.
Төслийн хүрээнд барьсан 500 метр.квадрат хэмжээтэй өндөр технологийн хүлэмж
Төслийн хүрээнд 500 метр.квадрат өндөр технологийн хүлэмжээс гадна 100 тонны багтаамжтай хамтын эзэмшлийн хүнсний ногооны агуулахыг 449,2 сая төгрөгийн санхүүжилтээр барьсныг хоршооны тариаланчид ашиглаж байгаа аж.
Хамтын эзэмшлийн хүнсний ногооны зооринд хоршооны тариаланчид хүнсний ногоогоо хадгалжээ.
Эдгээр төслийн үр дүнтэй танилцсан Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин төслүүдийн олонх нь үйл ажиллагаа явуулж эхлээд удаагүй байгаа боловч хүмүүсийн хэрэгцээ, хүртээмжид нийцэж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж байлаа.
Монгол Улсад олон улсын байгууллагын зээл, буцалтгүй тусламж зэрэг санхүүжилттэй олон төрлийн төсөл хөтөлбөр хэрэгждэг. Хамгийн гол нь Засгийн газар нэн шаардлагатай, иргэдийн аж амьдралд хүртээмжтэй, тогтвортой хөгжил хувь нэмэр оруулах тал дээр анхаарах хэрэгтэй бөгөөд бодит биелэлтэд анхаарах шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл энэ мэтчилэн хүнд, нийгмийн хөгжил, тогтвортой байдалд хэрэгтэй зүйлсийг дэмжиж хийх хэрэгцээ шаардлага их байна гэсэн үг.