Гэрэл зургийг: Pexels.com
Машин авч унасан нь угаасаа миний буруу. Үнэтэй, евро хөдөлгүүртэй, “утаа гаргадаггүй”, түгжрэл үүсгэдэггүй машин авч унах байтал хэн бүхний унадаг импортын хуучин машин авсан нь угаасаа миний буруу, түгжрэлийн шалтгаан болсон нь ч үнэн байж таарна. Миний буруу гэдгийг хотын дарга, түгжрэлийн сайд хоёр яг олж харсан байна шүү. Гярхай золигнууд.
Ийм гярхай нүдээр сайн ажиглавал угаасаа бүх зүйлд бид буруутай.
Хэн ер нь та нарыг хямдхан, түгжрэл үүсгэдэг, импортын машин авч уна гэсэн юм бэ? Энэ чинь л энэ бүх түгжрэлийн эх үүсвэр шалтгаан нь байж шүү дээ. Хотын шинэ асфалттай зам дээр шинэ машин л унах ёстой шүү дээ. Хуучин машин унахаар түгжирдэг байхгүй юу даа. Ингэж хэлэхээр өөдөөс хүний эрх ярина аа бас. “Ардчилсан” оронд мөнгөгүй хүнд хүний эрх гэж байдаггүй юм шүү дээ. Та жишээ нь гараашгүй бол машины дугаар авах дарааллын хойшоо шидэгдэнэ гэдгээ мэдсэн үү. Тэгэхээр бидний л буруу байж таарна.
Хотын олон асуудалд таны буруу бий гэдгийг батлах бас нэг баталгаа нь агаарын бохирдол. Агаарын бохирдлын гол буруутан нь бид өөрсдөө. Аргагүй шүү дээ. Өвөл болохоор дугуй шатаана, галаа буруу түлнэ. Дээрээс нь асаах юмыг доороос нь асаагаад л утаа гаргаад сууна. Энэ бүхнийг манай нийслэлийн мэргэжилтнүүд тун гярхай ажиглаж, яаж засаж залруулахаа аль хэдийн бодоод олчихсон сууж байгаа.
Тун удахгүй зурагтаар зуухаа яаж галлахыг заагаад л эхэлнэ. Угаасаа улирал нь эхэлж байна. Тэгээд хотын захаар явж, нүүрсний оронд дугуй, хашаа, хувцас сэлтээ хайр найргүй түлдэг хүмүүсийн тухай харуулна.
Ингээд л бидний буруу гэдэг нь батлагдана шүү дээ.
Яагаад бид буруутай гэж гээд гомдолломоор байна уу? Энэ сайд дарга нар чинь бидний бурууг тогтоох гэж сонгогдсон улс шүү дээ. Угаасаа бид л буруутай. Уг нь хэдүүлээ байхгүй болчихвол энэ хотын удирдлагууд яг алах гээд байна шүү. Хүнгүй хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах түм, буман санаа манай “энхрий хайрт” дарга нарын толгойд харван орж ирэх нь тодорхой.