Соёлын өвийн үндэсний төв түүх, соёлын дурсгалт зүйлсийг сэргээн засварлаж, “Сэргээн засварлагдсан бүтээлүүд-2023” үзэсгэлэн дэглээд байна.
Нийтийн өмчийн түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээх зорилгоор 2023 онд улсын есөн музей, 18 аймгийн музей, орон нутгийн хоёр музей, шашны нэг байгууллага зэрэг нийт 30 байгууллагын 165 ширхэг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг Соёлын өвийн үндэсний төвийн 14 сэргээн засварлагч сэргээн засварлажээ. Үүнд: уран зураг 41, баримал 32, даавуу, зөөлөн эдлэл 28, металл 17, мод 16, арьс 11, танка 10, цаас 7, чулуун эдлэл 3 ширхэг тус тус багтаж байна.
Эдгээрт түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн ангилалд орох Монголын Үндэсний номын сангийн 5, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн 7 нийт 12 ширхэг үнэт бүтээл багтжээ.
Мөн Соёлын өвийн үндэсний төвийнхөн Сэлэнгэ аймгийн нэгдсэн музейн 45 ширхэг, Чойжин ламын сүм музейн 6 ширхэг, Төв аймгийн музейн 1 ширхэг зэрэг нийт 52 түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг газар дээр нь очиж сэргээн засварлахаас гадна цаг үеийн шаардлагаар Богд хааны ордон музейн 5 ширхэг, Чойжин ламын сүм музейн 3 ширхэг, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 1 ширхэг, Архангай аймгийн музейн 1 ширхэг, Хэнтий аймгийн музейн 1 ширхэг, нийт 5 музейн 11 ширхэг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг нэмэлтээр сэргээн засварлажээ.
Ингээд сэргээн засварлах газрын үйл ажиллагаа, сэргээн засварлагчдын ажил мэргэжлийн онцлогийг байгууллагынхаа ажилтнуудад сурталчлах, таниулах, газар нэгжүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Соёлын өвийн үндэсний төвийн үзэсгэлэнгийн танхимд “Сэргээн засварлагдсан бүтээлүүд-2023” үзэсгэлэнг нээсэн байна. Үзэсгэлэнд 2023 онд сэргээн засварласан 42 ширхэг түүх, соёлын хөдлөх дурсгалыг дэглэжээ.