“Цалинтай ээж” нэртэй асрах ажлын дөнгө
“Цалинтай ээж” нэртэй асрах ажлын дөнгө

Асрах ажлыг хөлстэй болон хөлсгүй гэж хоёр ангилдаг. Хөлстэй асрах ажилд хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тодорхой цалин хөлстэйгөөр асран халамжлах үйлчилгээг хамруулна. Харин хөлсгүй асрах ажилд гэрийн ажлаас гадна, гэр бүлийнхэн болон ойр дотны хэн нэгнээ асарч халамжлах хөдөлмөр ордог. Иймээс хөлсгүй асрах ажлыг хөлстэй хэлбэрт шилжүүлж чадвал нийгэм болон эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай гэдгийг дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрч, манай судлаачид үүнийг “асрахуйн эдийн засаг” хэмээн томьёолж байна. 

Тэгвэл Монгол Улсад асрахуйн хөдөлмөрийг хэрхэн үнэлдгийг хүүхэд төрүүлэн асарч буй ээжийн жишээн дээр тулгуурлан бусад улс оронтой харьцуулж харъя. Улс орнууд хүүхэд төрүүлэн асарч буй хүнд жирэмсний болон амаржсаны тэтгэмж, эцэг эхийн тэтгэмж гэсэн үндсэн хоёр төрлийн санхүүгийн дэмжлэг олгодог байна. Монгол Улсын хувьд ч мөн ялгаагүй 

Жирэмсний болон амаржсаны тэтгэмж:

Монгол Улс даатгуулагчид жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг дөрвөн сарын хугацааны ажлын өдрөөр тооцож сүүлийн 12 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос дараах байдлаар тооцож олгодог байна. Тухайлбал, даатгуулагчийн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлсний дундаж 1.500.000 төгрөг гэвэл: 

  1. Сарын ажлын өдрийн дундаж хоног:    21.2 хоног
  2. Нэг өдөрт ногдох хөдөлмөрийн хөлс, орлого:  1,500,000₮ : 21,2 хоног = 70,755₮
  3. Тэтгэмж олгох хоног: 43 өдөр (эмнэлгийн хуудсанд бичигдсэн хугацаан   дахь ажлын өдрөөр тооцно, 60 хоногоор тооцоход)
  4. Олговол зохих тэтгэмж:  70,755₮ * 43 өдөр = 3,042,453₮        /Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар/                        
Эцэг эхийн тэтгэмж:

Монгол Улс “Цалинтай ээж” хөтөлбөрийг 2018 оноос нийгмийн халамжийн тэтгэмж хэлбэрээр хэрэгжүүлж эхэлсэн. Хуулийн дагуу гурав хүртэлх насны хүүхдээ харж буй эх, эцгийн аль нэгт нь сар бүр 50 мянган төгрөг олгож байна. Үүнийг гурван жилээр тооцоход 1,800,000 төгрөг болох юм. 

 

mongol_dalbaa Дээрх тооцооллын дагуу авч үзэхэд Монголд  хүүхэд төрүүлж, асарч буй хүн гурван жилийн хугацаанд 5 сая орчим төгрөг авах боломжтой юм байна. Тэгвэл дэлхийн бусад улс оронтой харьцуулж харъя. 

 

 

shved_dalbaa_1 Гэр бүлд хамгийн ээлтэй бодлого явуулдгаараа тус улс дэлхийн орнуудын дунд тохой өндөр байр суурьтай. Хүүхдээ төрүүлж, асарч, өсгөхөд нийт 480 хоногийн амралт буюу 1.3 жилийн хугацааг 80 хувийн цалинтай олгодог байна. Тус улсын сарын дундаж цалин 40,100 швед крон бөгөөд энэ нь монгол мөнгөөр 13,072,600 төгрөг байна.

estoni_dalbaa Эстони улс жирэмсний амралтынх нь үеэр хүүхэд төрүүлж, өсгөж буй ээжид цалинг нь 100 хувь төлдөг.  140 хоногийн турш буюу бараг таван сар бүрэн цалинтай чөлөө авдаг тул хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд санхүүгийн асуудалд санаа зоволтгүй шинэ  хүнээ асрахад бүтэн анхаарлаа төвлөрүүлж, сэтгэл зүйн байдал нь ч амгалан тайван байж чаддаг байна. Эстони улсын сарын дундаж цалин 1741 евро бөгөөд үүнийг  монгол мөнгөнд шилжүүлбэл 6,441,700 төгрөг байна.

shved_dalbaa_2 Жирэмсний тэтгэмжийг хүүхдээ төрүүлээд, асарч буй ээжид 26 долоо хоногийн турш долоо хоног бүр 274 евро өгөх хуультай байна. Энэхүү тэтгэмж нь монгол мөнгөөр 26,358,800 төгрөг болж байна. Үүнээс гадна тус улсад эцэг эхчүүдэд олгодог хоёр төрлийн тэтгэмж гэж байдаг бөгөөд хүүхэд төрсөн эсвэл үрчилж авснаас хойших 6 сарын хугацаан эсвэл долоон долоо хоногт багтаан хоёр долоо хоногийн амралт авах боломжийг олгодог аж. Ингэхдээ мөн долоо хоног бүр  274 евроны тэтгэмж авна. Монгол төгрөгөөр нийт  16 сая төгрөг. 

Дээр дурдсан орнуудтай Монгол Улсын эхчүүдэд өгдөг жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн мөнгөн дүнг  харьцуулахад харьцангуй бага байна. Гэхдээ цалинтай ээж хөтөлбөрийн дагуу сар бүр олгодог 50 мянган төгрөгийг нэмж тооцвол гурван жил гаруй хугацаанд таван  сая орчим төгрөг авдаг гэсэн үг. Гэтэл мөнгөн дүнг олгож буй хугацаанд нь хувааж үзвэл маш чамлалттай тоо гарч байна. Дээрх орнуудаас Эстони улсыг авч үзье. Тухайн улсад жирэмсний амралтын хугацаа 140 хоног, эцэг эхийн амралт 30 хоног нийлээд 170 хоног. 170 хоногт монгол мөнгөнд шилжүүлснээр 6,441,700 төгрөг авдаг гэж тооцвол /6,441,700:170=37,892/ өдөрт 40,000 орчим төгрөг болж байна. 

Тэгвэл Монгол Улсын хувьд жирэмсний амралт 120 хоног, эцэг эхийн тэтгэмж буюу “цалинтай ээж” хөтөлбөрийн гурван жилийг нийлүүлж тооцвол 1000 гаруй хоног. Энэ хугацаанд авдаг мөнгийг дунджаар таван сая төгрөг гэж тооцоход /5,000,000:1000=5000/ өдөрт авах мөнгөн дүн 5000 төгрөг буюу Эстони улсынхаас найм дахин бага байна.

Бусад улсын дундаж жишээг өөрийн орны бодит байдалтай харьцуулахад ийм дүн гарч байна. Тухайн улсын эцэг, эхчүүдийн авч буй тэтгэмжийн мөнгөн дүн нь нийгэм, эдийн засгийн онцлогтоо тохирсон, иргэдийнхээ амьжиргааг харгалзаж үзсэн бөгөөд хүүхэд төрүүлж, өсгөж буй хүмүүс хүнс болоод хүүхдийн хэрэглээгээ бэлдэж чадахуйц хэмжээний байгааг хэд хэдэн эх сурвалжаас тодруулж үзлээ.  

Харин Монгол Улсад өнөөдөр 5000 төгрөгөөр юу авах вэ?

Энэ асуултад хариулт хайх нь илүүц биз ээ.

gol_zurag 

Гэтэл тухайн эх “цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдсан үедээ ямар нэгэн нэмэлт орлого олсон тохиолдолд энэ мөнгийг авах боломжгүй болдог  аж. Энэ тухай “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх, эрх мэдлийн төлөө хөдөлгөөнийг бэхжүүлэх” сэдэвчилсэн кейс судалгаанаас тодорхой харж болно. Цалинтай ээжийн нэмэлт орлого олох боломж нэртэй энэ судалгааг МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээнээс “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх, эрх мэдлийн төлөө” хөдөлгөөний хүрээнд, Канадын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр Азийн сангаас хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн дэмжлэгтэйгээр хийжээ. Уг судалгаанд: 

  • Хүүхэд харах, асрах, халамжлах ажлыг эдийн засаг талаас нь дэмжиж, хөлсгүй хөдөлмөрийг үнэлж, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд сар бүр 50 мянган төгрөгийн цалин олгож байгаа мэт харагдаж байгаа ч энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс (сард 550 мянган төгрөг) 11 дахин бага байна.
  • Нэмэлт орлого олсон тохиолдолд тэтгэмж шууд дуусгавар болж байна
  • Байгууллагаас ажлын байрыг нь хадгалж байгаа ээж хүүхдээ гурван нас хүрэхээс өмнө цагаар болон гэрээгээр ажил хийж, нэмэлт орлого олж, нийгмийн даатгалын шимтгэл давхар төлөгдсөн тохиолдолд 50.000 төгрөгийн олголт шууд зогсоно.
  • Түр ажил, олсон орлогын хэмжээ, ажлын үргэлжилсэн хугацаа зэргээс үл хамаардаг. Түүнчлэн сайн дурын ажилд оролцох, сургалтад хамрагдах, судалгаанд оролцож санал бодол, дуу хоолойгоо хүргэх зэрэг голдуу нэг удаагийн өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагаанд оролцоход унаа, хоол болон холбогдох зардлын төлбөрөөс нийгмийн даатгалын шимтгэл суутгасан бол тэтгэмж шууд дуусгавар болдог. Сэргээх боломжтой ч нөхөн олгогддоггүй гэж тодорхой дурдсан байна. 

Кэйс:

Цалинтай ээжийн мөнгө төдийлөн амьдралд хувь нэмэртэй биш боловч, хувь хүнд буюу надад хувь нэмэртэй байсан. 2020-2021 онд Ковидын үе таарч онлайнаар зохион байгуулагддаг хувь хүний хөгжлийн сургалтууд олон болсон байсан тул өөрийгөө хөгжүүлэхэд энэ мөнгөө зарцуулдаг байсан. Сургалтуудад сурч, зарим сард гараар хийж үзэхийг хүссэн зүйлсийнхээ материалаа авч, юм туршиж үзэх нь өөртөө итгэх итгэл нэмэгдэх, сэтгэл санаагаа хямраахгүй байхад их дэмжлэг болсон. Сургалт зохион байгуулсан газраас унааны 13,000 төгрөг миний дансаар дамжуулан олгосон. Гэтэл үүнээс болж хүүхдээ асарч байсан 50,000 төгрөгийн тэтгэмжийг зогсоосон. Тэгээд “миний” гэх ямар ч орлогогүй болгосон. Мөн төлөвлөсөн байсан бусад сургалтдаа суух боломжгүй болгосон.

50,000 төгрөг хэдий бага мөнгө ч тухайн айл өрхийн ахуй амьдралд нэмэр болох нь тодорхой. Харин энэ мөнгийг авч байгаа бол өөр ажил хийж болохгүй гэх заалт нь эцэг, эхчүүдэд “дөнгө” болж байна. Ганц тор хүнс авч дийлэхгүй 50,000 төгрөг өгснийхөө төлөө ажил хөдөлмөр эрхэлж, нэмэлт орлого олох боломжийг нь хязгаарлах нь хэр зөв бэ? “Цалинтай ээж”-үүдэд нэмэлт орлого боломжийг нь өгч, энэ “дөнгө”-нөөс нь салгаж өгнө үү гэж эрх баригчдаас хүсье.