Гэрэл зургийн эх сурвалж: un.org
Их Эзэн Богд Чингис хааны мэндэлсний түүхэн ой, Монгол бахархлын өдрөөр тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан монгол хүн эсвэл Монгол Улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэнд гардуулдаг уламжлалтай.
Энэ жил тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд хүртээхээр шийдвэрлэсэн тухай Ерөнхийлөгчийн Тамгын газраас өчигдөр мэдээлсэн.
2. 1962 онд 18 настайдаа “Улаан загалмайн нийгэмлэг”-ээс ивээн тэтгэсэн нэгэн эсээ бичлэгийн уралдаанд түрүүлж Америк улс руу аялах эрхээр шагнуулсан бөгөөд Сан Францискогийн америк айлд хэдэн сар амьдарчээ. Мөншагналт аяллын хүрээнд АНУ-ын Цагаан ордонд зочилж Ерөнхийлөгч Жон Кеннедитэй уулзсан байна. Тэр үедээ “дипломатч болох мөрөөдлөө олсон” гэдэг.
3. 1970 онд Сөүлийн Үндэсний их сургуулийг Олон улсын харилцааны чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгсөж, 1985 онд Харвардын их сургуулийн Жон Ф.Кеннедигийн нэрэмжит Засгийн газрын сургуульд магистрын зэрэг хамгаалжээ.
4. Их сургууль төгссөн жилдээ буюу 1970 онд Өмнөд Солонгосын гадаад албаны шалгалтад тэнцэж Энэтхэг дэх Ерөнхий консулын газрын дэд консулаар томилогдсон байна. Улмаар Өмнөд Солонгосоос Энэтхэгт суугаа Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга болж 1978 он хүртэл тус улсад дипломатчаар ажиллажээ.
5. 1978-1980 онд ГХЯ-нд НҮБ-ын хэлтсийн дарга, НҮБ-д суугаа Өмнөд Солонгосын байнгын ажиглагчийн төлөөлөгчийн газрын нарийн бичгийн даргаар ажилласан.
6. Бан Ги Мүн төрийн албанд 37 жил ажиллахдаа Энэтхэг, АНУ, Австри улсад дипломат албан тушаал хашиж, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Үндэсний аюулгүй байдлын тэргүүн зөвлөх, Гадаад хэрэг, худалдааны сайд зэрэг өндөр хариуцлагатай, харилцааны ур чадвар шаардсан ажил үүргүүдийг гүйцэтгэж байв.
7. Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллагын бэлтгэл комиссын даргаар ажиллаж байсан. Мөн тэрбээр хоёр Солонгосын хоорондын харилцааны асуудалд ч идэвхтэй оролцож иржээ.
8. 2006 оны хоёрдугаар сарын 14-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшихээ албан ёсоор зарлаж, мөн оны 10 дугаар сарын 9-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс түүнийг Кофи Аннаны оронд дараагийн Ерөнхий нарийн бичгийн даргад албан ёсоор нэр дэвшүүлж дөрөв хоногийн дараа 13-ны өдөр Ерөнхий Ассамблейгаас томилогджээ.
9. 2007 оны нэгдүгээр сарын 1-ээс албан ёсоор НҮБ-ын нарийн бичгийн даргын албыг хашиж эхэлсэн бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл гүйцэтгэсэн юм. 2011 оны зургаадугаар сарын 21-нд Ерөнхий Ассамблейгаар түүнийг улираан сонгож байсан билээ.
10. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан хоёр дахь ази хүн юм. 1962-1971 онд тухайн үеийн Бирм /одоогийн Мьянмар/ улсын төрийн зүтгэлтэн У Тан тус албыг хашиж байжээ.
11. НҮБ-ын нарийн бичгийн даргын албаа өгсний дараа 2017 оны зургаадугаар сард Дэлхий дахинд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө ажилладаг дэлхийн ахмад төрийн зүтгэлтнүүдээс бүрдсэн "Ахмадууд"-ын шинэ гишүүнээр элсэв. Мөн ондоо Олон улсын олимпын хорооны Ёс зүйн комиссын даргаар сонгогдсон.
12. 2018 онд Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн зөвлөлийн дарга, Азийн “Бао”-ийн чуулганы даргаар сонгогдож, “Бан Ги Мүний нэрэмжит дэлхийн иргэдэд зориулсан төвийг байгуулав. Мөн оныхоо 10 дугаар сард Билл Гейтс, Дэлхийн банкны гүйцэтгэх захирал Кристалина Георгиева нартай хамтран “Дасан зохицох дэлхийн комисс”-ыг эхлүүлжээ.
13. 2022 онд АНУ-д төвтэй Бан Ги Мүн сан байгуулсан. Тус сан нь нийгмийн бүх салбарт жендерийн тэгш байдал, уур амьсгал ба тогтвортой байдал, нийгмийн эрүүл мэндийн тэгш байдал, дэлхийн иргэний боловсрол, энх тайван, аюулгүй байдал, шударга ёсыг хангах чиглэлд анхаарч үйл ажиллагаа явуулдаг байна.
14. Бан Ги Мүний гэр бүл гурван хүүхэдтэй. Түүний эхнэр Бан Сүн Тэк 2007 оноос хойш эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэнд, ялангуяа аутизм, охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг эсрэг кампанит ажлуудад анхаарал хандуулсаар иржээ.
15. Бан Ги Мүн дэлхийн 20 гаруй улсын хүндэт одон, шагналууд болон олон улсын 20 гаруй их сургуулийн хүндэт доктор цол хүртсэн байна. Түүнийг 2009 онд Монгол Улсад айлчлал хийх үеэр Монгол Улсын Их Сургуулийн хүндэт доктор цол хүртээж байжээ.
Эх сурвалж: britannica.com, un.org, wikipedia.org, cnn