Гэрэл зургийг: Pexels.com
Монголын хэвлэл мэдээллийн салбарт багагүй мөнгө эргэлддэг гэж ярьдаг ч яг бодит байдал дээр мэргэжлийн редакцтай, томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүртэл санхүүгийн хувьд бие даан үйл ажиллагаа явуулах гэж чардайдаг. Гэтэл хэвлэлийн нэрийг барьж шимэгчилж амьдардаг хэсэг бүлэг чөлөөт хэвлэлийн цусыг сорж байна.
Яг юу болдгийг цахим орчинд шүүмжлэл дагуулаад буй Жижиг дунд үйлдвэрийн газрын даргын тушаалаар шууд гэрээ байгуулах аж ахуйн нэгжийн жагсаалтаас харж болно. Тодруулбал, Шинэ хоршоо хөдөлгөөнийг олон нийтэд сурталчлах зорилгоор нийт 1.7 тэрбум төгрөгийн гэрээг 10 хэвлэлтэй байгуулжээ. Гэтэл энэ хэвлэл мэдээллийг байгууллагуудын бараг тал нь нэг хүнтэй холбоотой, хоорондоо харилцан хамаарал бүхий хэвлэлүүд байгаа нь олон нийтэд ил болсон.
Гэрээ байгуулсан 10 хэвлэл мэдээллийн хэрэгсэл дунд мэргэжлийн редакцтай олон нийтийн мэддэг хэвлэлүүд байгаа ч бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээ, материалыг тайландаа оруулж, санхүүжилт авсан нь ил болоод байна. Энэ бол нэг л жишээ. Иймэрхүү байдлаар олон нийтэд танигдсан, мэргэжлийн редакцтай хэвлэлийн нэр барьж мөнгө угаадаг байдлыг таслан зогсоохгүй бол чөлөөт хэвлэл амь тавьж мэдэх юм.
Монгол Улсын хувьд хэвлэл мэдээллийн байгууллага санхүүжилтээ босгодог нэг эх үүсвэр нь төрийн байгууллагууд болсон нь нууц биш. Засгийн газраасаа эхлээд яам агентлаг, харьяа газар бүр нь хэвлэлийн албатай болж, олон нийтэд мэдээ мэдээллээ түгээдэг болсон. Ингээд зогсохгүй бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа сурталчина. Гэвч энэ дунд нөгөө хэвлэлийн нэр барьж, шимэгчилж амьдардаг хэсэг бүлэг гарч ирнэ. Ихэвчлэн тухайн газрын дарга удирдлагуудтай ашиг сонирхол нэгтэй ямар нэгэн төрийн бус байгууллага, эсвэл компани энэ гэрээг авна. Гэрээ байгуулахдаа мэргэжлийн редакцуудын нэрийг барьж, ингэж тэгж түгээнэ хэмээн төлөвлөгөөндөө тусгана, дараа нь тухайн хэвлэлээр гаргасан мэдээг ашиглан тайландаа тусгана. Эцэст нь гэрээ байгуулсан эзэн санхүүжилтээ авна. Магадгүй мэдээг нь гаргасан редакцид тодорхой хэмжээний төлбөр төлнө. Эсвэл өнөөдрийн үүсээд буй асуудал шиг нууцаар тайландаа тусгана, санхүүжилтээ авна. Ийм л схем үйлчилж ирсэн.
Үүнээс гадна дарга нарын халаасны хэвлэл, сайт гэх нэршил ч гарсан. Аливаа тендер, гэрээ байгуулахдаа ашигладаг боловч бусад цагт ямар ч мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулдаггүй, зөвхөн хэвлэлийн нэр барьж мөнгө угаадаг хэсэг бүлэг ч бий болсон гэдгийг ил, далд ярьж байна.
Энэ бүхэн эцэстээ мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулж, олон нийтийн мэдэх эрхийг хангах гэж хичээж буй мэргэжлийн редакц, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг туйлдуулж байна. Зөв шударгаар хичээн зүтгэсэн нь биш, ашиг сонирхол нэгтэй шимэгчдийн үүрлэдэг оромж нь чөлөөт хэвлэл байх ёсгүй.