Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Засаг дарга Х.Лхагва
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Засаг дарга Х.Лхагватай ярилцлаа. Тэрбээр Төгрөг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд 2 дугаар тойрог буюу Их-Ус багт МАН-аас нэр дэвшиж буй юм байна. Түүнтэй сонгуульд нэр дэвшиж буйг нь бус өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ажилласан үүрэгт ажил, орон нутагтаа хийж хэрэгжүүлсэн зүйлсийнх нь талаар ярилцсан юм.
- Та сайхан намаржиж байна уу? Танай нутгаар намаржаа тавлаг уу?
- Тавтай сайхан намаржиж байна. Нутаг орноор намаржаа тавлаг. Энэ зун бороо хур элбэгтэй байсан учир сайхан урт намар болж одоогоороо л сөл ногоо тасраагүй сайхан байна. Манай сум засаг захиргааны таван багтай. Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл голлосон эдийн засагтай. Зуншлага, намаржаа сайхан байсан болохоор малчид маань отор нүүдэлгүй бүгд нутагтаа өвөлжихөөр дор бүрнээ бэлтгэлээ хангаж байна. Сумын хувд бол аюулгүй нөөцөө бүрдүүлэхээр гэрээ хэлцэл хийж хямд үнээр өвс тэжээлээ татахад анхаарч байна. Түрүүч нь ирэхэд бэлэн болж байна. Сумын төвийн албан байгууллага АНН-үүд өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангаад байна.
- Төгрөгчүүд энэ жил түүхэн ойгоо тэмдэглэсэн. Наадам сайхан болсон уу. Та бүхэн нутаг орондоо, нутгийнхандаа юу үлдээж чадав?
- Нутаг усныхан, энэ нутагтай амьдрал, ажил үйлсээрээ холбогдсон бүхий л сайхан сэтгэлтэй хүмүүсийн тус дэм, хүчээр түүхт 100 жилийн ойгоо өргөн дэлгэр сайхан тэмдэглэлээ. Наадамчин олны сэтгэл хангалуун, нутаг орондоо үлдэх биет болоод биет бус олон зүйлтэй сайхан ой боллоо. Нутгаас гаралтай урлаг соёл, шинжлэх ухаан болон бусад салбарт амжилттай ажиллаж буй залуусын оролцоо, хичээл зүтгэл, нутагтаа хайртай сэтгэлийн хүч мөн маш их ажлыг нуглалаа. Та юу үлдээв гэж асуусан тул товчхон дурдъя. Түүхэн ойдоо зориулаад Төгрөг сумын дунд сургуулийг төгссөн үе үеийн төгсөгчдийн хандиваар гурван боть номтой боллоо. Төгрөг сумын, энэ нутгийнхны үүх түүхийг эрдэмтэн, судлаачид судалж “Сайн ноён хан аймгийн Үйзэн засгийн хошуу: хэл, түүх, соёл, байгаль” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, эмхэтгэлийг нь өрх бүрдээ өгөхөөр хэвлүүллээ. Хоёрт, түүхч, судлаачид бүрэн хэмжээний археологийн судалгаа хийж түүх, археологийн олдворуудыг дахин тоолж, баримтжуулж үр дүнгээр нь каталоги хэвлүүлсэн. Гуравт, монголын уран зохиолын томоохон уран бүтээлчид манай нутгийнхны тухай судалж, бичиж түүгээр нь “Лусын хөмрөг” нэрт баримтат уран зохиолын ном гаргалаа. Эдгээрийг манай нутгийн авьяаслаг залуус хариуцаад хийгээд явсан. Энэ бол хойч үедээ, ирээдүйдээ үлдээж буй хамгийн том өв юм.
Дээр нь 100 жилийн ойд зориулсан түүхэн баримтат нэвтрүүлэг, гавьяат жүжигчин А.Даваахүүгийн зөвхөн Төгрөгийн бүжигчин хүүхэд багачуудад зориулан дэглэсэн монгол ардын бүжгүүд, бүжгийн хувцас хэрэгсэлүүд, орчин үеийн шаардлагад нийцсэн хөгжим техник, тайз, карказ, цэцэрлэгт хүрээлэн зэрэг хандивлагчдынхаа ачаар, хүчээр бий болсон олон зүйл байна даа.
Мөн сум орон нутаг маань иргэдийнхээ санал санаачлагилгаар улс, аймгийн төсөв, ОНХСангийн хөрөнгөөр олон сайхан бүтээн байгуулалтуудыг хийж сум орон нутгийнхаа өнгө зүсийг нэмээд байна. Энэ олон бүтээн байгуулалт, сайхан зүйлсийг хадгалж хамгаалах, цаашид уншиж судлах, хөгжүүлэх, ариг гамтай хэрэглэх гээд олон үүрэг хариуцлага бидэнд ирж байгаа юм л даа.
- Та сүүлийн дөрвөн жил сумын Засаг даргын үүрэгт албыг хашиж байгаа. Ер нь сумыг хөгжүүлэх боломж байдаг юм байна уу. Танай сум хэрхэн хөгжиж байна вэ?
- 2020 оны 11 дүгээр сард Засаг даргын үүрэгт ажлыг хүлээж авсан. Манай гэр бүл, өвөг дээдэс Төгрөг нутгийн л хүмүүс. Төрсөн цагаасаа өдийг хүртэл нутаг орондоо байгаа учраас сум орон нутгийнхаа нөхцөл байдлыг сайн мэднэ л дээ. Их сургуульд сурсан, олон улсын байгууллагуудад ажилласан хэсэг хугацаанд нутгаасаа гарч явсан. Тэгж явахдаа хүмүүстэй, хөгжил гэдэг зүйлтэй танилцаж, үүнийг нутаг орондоо хэрэгжүүлэх юм сан ч гэх мэтээр бодож л явдаг байсан. Тэгээд түүнийгээ хэрэгжүүлэх боломж ирсэн. Энэ дөрвөн жилийн хугацаанд манай багийнхан нутаг орондоо, иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан улс, аймгийн төсөв болон Сумын ОНХСангийн хөрөнгөөр 30 гаруй төсөл арга хэмжээг хэрэгжүүлж олон бүтээн байгуулалт хийлээ. Мөн сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд их засварт ороогүй төсөвт байгууллагуудын засварыг хийсэн.
Өнөө цагт хүний анхдагч хэрэгцээ, хөгжлийн хамгийн эхэнд хэрэгтэй зүйл бол дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх шүү дээ. Иргэд, Залуусын орон нутагт амьдрахаас татгалздаг нэг шалтгаан эдгээрт байдаг. Иймд энэ тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна.
Сумын иргэдийг ундны болон хэрэглээний цэвэр усаар хангах Цэвэр усны байгууламж шинээр ашиглалт оруулсан. Одоогийн байдлаар бүх төсөвт байгууллага болон 50 орчим аж ахуйн нэгж, айл өрх цэвэр усны шугамд холбогдоод байна. Одоо харин цэвэр усны хэрэглээг дагаад үүсэж буй бохирын асуудлыг шийдэхээр бохир, цэвэр, дулааны инженерийн иж бүрэн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийг 2023 онд зураг, төсвийг аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр хийлгэн 2025 оноос ажлыг эхлүүлэхээр улсын төсөвт суулгуулаад байна.
Мөн нэмэлтээр "Бохир усны машин” худалдаж авах тендер зарлагдсан явж байгаа. Сумын төвийн гэр хорооллын цахилгааны хэрэглээг сайжруулах зорилгоор эрчим хүчний дэд станцыг шинээр байгуулсан.
Төгрөг сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн үеэр.
Залуу боловсон хүчнийг сумандаа тогтвортой ажиллуулах, тэдний сурч хөгжих боломжийг дэмжих, нийгмийг баталгааг нь хангах зэрэгт анхаарал хандуулсаар байдаг. Тиймдээ ч манай суманд ирж ажиллаж буй боловсон хүчний нийгмийн баталгаа, амьдрах тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цэвэр ус, дулааны төвлөрсөн системд холбогдсон Төрийн албан хаагчийн орон сууцыг шинээр барьж ашиглалтад оруулсан. Ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, элдэв эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор камержуулалт, гэрэлтүүлгийн асуудлыг шийдвэрлэлээ. Ер нь нийгмийн бодлого хүний хөгжил, дэд бүтэц харилцаа холбоо, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, хүнс хөдөө аж ахуй гээд бүх л салбартаа хүрч хэрэгцээ шаардлагатай зүйлсийг нь энэ хугацаанд хийсэн. Цаашид ч үргэлжлүүлэхээр, хийхээр төлөвлөсөн ажил олон байна.
- Тэгэхээр эдгээр ажлыг, бүтээн байгуулалтыг хийсэн гэдэг нь Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үр дүнтэй ашигласан гэсэн үг биз дээ?
- Орон нутагтаа, иргэддээ хэрэгтэй ажил бүтээн байгуулалтыг хийж болох, иргэдтэйгээ хамтран төлөвлөж, тэдний санал хүсэлтийг сонсохын сацуу багуудын Засаг дарга нар, багийн иргэдийн нийтийн хурал, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлынхан оролцон хамтын шийдвэр гаргадаг өндөр ач холбогдолтой төсөв бол Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө байдаг.
2021-2024 онд ОНХСангийн хөрөнгө маань 170-997 сая төгрөг болж өссөн. Тухайн жилийн авч хэрэгжүүлэж буй төсөл, арга хэмжээний хөтөлбөрийн хэрэгжилт, гүйцэтгэл, тайлан зэргийг хөндлөнгийн аудитын байгууллагаар жил бүл шалгуулж үр дүнгийн хэмжээгээр урамшуулал нэмэгдэж явдаг. Энэ төсөл, арга хэмжээнүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд ЗДТГ болон ИТХ-ын албан хаагчдын хүч хөдөлмөр хичээл зүтгэл юм.
- Танай сум жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, өрхийн үйлдвэрлэгч хэр олонтой вэ. Тэднийг хэрхэн дэмждэг вэ?
- Манай сумын нэгэн онцлог бол говийн суманд бий болгосон Мазар хэмээх баянбүрд, газар тариалангийн бүс юм. Одоогоор 35 га талбайд 194 тариаланч, таван ААН, дөрвөн хоршоо төмс, хүнсний ногоо, хүлэмжийн нарийн ногоо тариалж сум, аймгийнхаа хүн амын хэрэгцээг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр хангахад томоохон хувь нэмэр оруулсаар ирсэн. Анх 1980-аад оноос үйл ажиллагаа нь эхэлсэн бөгөөд тухайн үеийн сум орон нутгийн удирдлагуудын шийдвэрээр нэг төгсөлтийн сурагчдын илгээлтээр гаргаж үйл ажиллагааг нь тогтворжуулж байсан түүх бий. Улмаар тэдний дундаас улс, аймгийн аваргууд төрсөн байдаг.
Мазар багт услалтын шинэ систем худалдан авч хоёр систем зэрэг ажиллах боломж бүрдүүлсэн. Ингэснээр тариалангийн талбайн ашиглалт нэмэгдэж усалгааны асуудал зуун хувь шийдэгдсэн, тариаланчдад чухал хэрэгцээт 110 морины хүчтэй трактор, копательтой болсон. Мөн аймгийн ОНХС-ийн хөрөнгөөр Мазар багийн тариалангийн талбайн услалтын эх үүсвэр болох даланг лайдаж 40 гаруй жилийн турш хуримтлагдсан лайг цэвэрлэн усны хуримтлалыг нэмэгдүүлсэн. Төмс хүнсний ногооны хадгалалтыг уртасгах, үнийг тогтворжуулах зорилгоор Мазарын тариаланчдын төмс, хүнсний ногоо хадгалах 50 тн-ын хүнсний ногооны зоорийг шинээр барьж ашиглалтад орууллаа.
Ер нь өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч малчид, тариаланч, иргэдийн үйл ажиллагааг нийтэд сурталчлан таниулах, иргэдийг экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчдийн гар дээрээс шууд худалдан авах боломжийг нь бүрдүүлэх зорилгоор “Төгрөгт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг жил бүр амжилттай зохион байгуулж хэвшсэн. Цаашлаад малчид, тариаланчдын тэжээл үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтрүүлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөнгөвчлөхөд чиглэсэн бага оврын техник технологи нэвтрүүлэх, сумын өвс тэжээлийн нөөцийн санг орон нутгаас бүрдүүлж, зудын эрсдэлийг хохирол багтай даван туулах боломжийг бүрдүүлнэ гэж төлөвлөж байна.
Сайн ноён хан аймгийн Үйзэн засгийн хошуу: Хэл, түүх, соёл, байгаль ЭШХ-ийн үеэр. Нутгийн түүхийг судалсан эрдэм шинжилгээний хурал анх удаа зохион байгуулав.
- Үзэсгэлэн худалдаа зохион байгуулах хэмжээнд байна гэхээр өрхийн үйлдвэрлэгч цөөнгүй байх нь.
- Цөөнгүй. Бид энэ жил “Төгрөгт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаагаа Улаанбаатарт зохион байгуулъя гэж төлөвлөөд явж байгаа. Есдүгээр сард төлөвлөсөн байсан ч Өвөрхангайд болдог уламжлалт үзэсгэлэндээ оролцоод, цаг үеийн байдал таарсангүй. Газар тариалангаас гадна мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээр цагаан идээ болон арьс шир, гүзээ сархинагийг нь хүртэл ашиглан уламжлалт гар урлал хийх, энэ цагийн хөдөөгийн малчдын тухтай гэр сууц буюу вагончиг, зөөврийн хашаа урлах, блок тоосго хийх, талх нарийн боов үйлдвэрлэх зэрэг олон айл өрх, ААН-үүд үйлдвэрлэл явуулж байна. Ер нь өрх бүр үйлдвэрлэгч байж, түүний төлөө хичээх зорилтыг тавьсаар ирсэн. Цаашид мал аж ахуйн гаралтай түүхий эд болон дайвар бүтээгдэхүүн боловсруулах цех байгуулж, хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, махны болон сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх эдгээр чигэлээр үйл ажиллагаа явуулж байгаа цех, аж ахуй нэгж, иргэнийг дэмжиж ажиллах замаар ажлын байр нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авч, “Нэг өрх – Нэг ажлын байр” хөтөлбөр, “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллана гэж бид мөрийн хөтөлбөртөө тусгасан.
- Хүүхдүүдийн боловсрол, иргэдийн эрүүл мэндийн нөхцөл байдал танай сумын хувьд ямархуу вэ. Тухайлбал, сургуулийн сургалтын чанар, хүртээмж ямар байдаг вэ?
- Сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурах орчин сайн, багш нар туршлагатай. Сурагчид Элсэлтийн шалгалтад жил бүр тогтмол амжилттай оролцож аймгийн хэмжээндээ дээгүүрт жагсдаг. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт төрийн өмчит үйлдвэрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар хийсэн төсөлд манай сургууль, цэцэрлэг хамрагдсанаар эрүүл ахуйн шаардлага хангасан, орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болсон. Хичээлийн байраас гадна сурагчдын дотуур байрууд, гал тогоо болон цэцэрлэгт өдөр тутамдаа ашиглаж байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин, сургах арга барил сайтай. Саяхан аймгийн тэргүүний байгууллагаар шалгарсан. Мөн Хүүхдийн цэцэрлэгийн гадна талбайн тохижилтыг хийж, сургуульд кабинет тохижуулж, сурагчдын дотуур байрын эд зүйлийг шинэчилж тохижууллаа. Үүнээс гадна соёл, уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, иргэдэд соёлын үйлчилгээ хүргэхийн тулд хөгжим худалдаж авах, техник хэрэгслийг шинэчлэхээс эхлээд нэлээн ажил соёлын салбарт хийсэн.
Эрүүл мэндийн хувьд, улсын төсвөөр хоёр давхар, 15 ортой шинэ барилга баригдаж ашиглалтад орсон. Ингэснээр эмнэлгийн эмч, сувилагч, мэргэжилтнүүдийн ажиллах болон иргэд үйлчлүүлэх, эмнэлгийн үйлчилгээ авах орчин илүү тохилог, ая тухтай болж байгаа юм. Иргэдэд хүрч үйлчлэх унаа тэрэг нь ч туулах чадвар сайтай болсон.
- Сүүлийн асуулт, манай улсын сумд хөгжих боломжтой гэж та боддог уу?
- Сумыг хөгжүүлэх, сумандаа сайхан амьдрах бүрэн боломжтой.
Танд баярлалаа. Амжилт хүсье.