Боловсролын хямрал нүүрлээд буй бага дунд орлоготой орнуудад 10 нас хүрсэн сурагчдын 50-иас илүү хувь нь энгийн бичвэр унших чадваргүй байна. Түүнчлэн, их сургууль төгсөгчид ажлын байранд тэнцэхүйц ур чадвар эзэмшиж чадаагүй байна.
АХБ болон Олон улсын боловсролын санхүүжилтийн сангийн шинэ түншлэлийн хүрээнд Ази, Номхон далайн бүс нутагт боловсролын чиглэлээр 500 сая ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг гаргах боломжтой боллоо.
Тодруулбал 9-р сарын 26-нд Филиппин улсын Манила хотод Ази, Номхон далайн бага дунд орлоготой орнуудад боловсролын чиглэлээр 500 сая ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилт олгох хэлэлцээрт Азийн Хөгжлийн Банк (АХБ) болон Олон улсын боловсролын санхүүжилтийн сан (ОУБСС) гарын үсэг зуржээ.
Тус санхүүгийн түншлэлийн хүрээнд ОУБСС нь АХБ-ны 125 сая ам.долларын засгийн газрын зээлд салбар харгалзахгүй баталгаа гаргах бөгөөд эхний шатанд 50 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ. ОУБСС нь 2023 онд бага дунд орлоготой орнуудад боловсрол, ур чадварыг дэмжих зорилгоор байгуулагдсан Швейцарын Засгийн газрын дэмжлэгтэй сан юм.
ОУБСС-ийн баталгааг зээл болгоны 10%-тай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжаар дамжуулан АХБ-ны үйл ажиллагаатай хослуулах энэхүү шинэ тохиролцоо нь зээлийн баталгааны хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж, АХБ-ны зээлдэх хөрөнгийн хэмжээг өсгөхийн зэрэгцээ АХБ-ны хөгжиж буй гишүүн орнуудад зээлийн өртгийг бууруулах нөхцөлийг бий болгох юм.
Боловсрол бол орчин үеийн, хөгжин дэвжсэн, хүртээмжтэй нийгмийн үндэс суурь юм. Бид ОУБСС-тай байгуулсан энэхүү түншлэлээ зарлаж байгаадаа баяртай байна. Хамтын хөрөнгө оруулалт болон хөнгөлөлттэй санхүүжилтийг хослуулсан энэхүү санаачлага нь манай бага дунд орлоготой хөгжиж буй гишүүн орнуудад боловсрол болон ур чадварын чиглэлийн хөрөнгө оруулалтаа өргөжүүлэх боломжийг олгосноор мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд нь чухал үүрэг гүйцэтгэх юм.
Боловсролын хямрал нүүрлээд буй бага дунд орлоготой орнуудад 10 нас хүрсэн сурагчдын 50-иас илүү хувь нь энгийн бичвэр унших чадваргүй байна. Түүнчлэн, их сургууль төгсөгчид ажлын байранд тэнцэхүйц ур чадвар эзэмшиж чадаагүй байгаагаас шалтгаалан ажил олгогчид сул орон тоогоо нөхөж чадахгүйд хүрээд байна.
Бага орлоготой орноос дундаж орлоготой орон руу шилжиж буй улс орнууд санхүүжилт байхгүй “дундын зааг”-т унах нь элбэг тохиолддог. Энэ үед буцалтгүй тусламж авах эрхгүй ч хөнгөлөлтгүй санхүүжилт авах боломж тааруу орнууд юунд хөрөнгө оруулах вэ гэдэг хүндхэн шийдвэртэй тулгардаг. Энэ асуудлыг дотоодын санхүүжилтийн хязгаарлагдмал байдал бүр дэвэргэдэг.
АХБ-ОУБСС-ийн түншлэлийн гол онцлог нь хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед боловсролын тогтолцоогоо бэхжүүлэх хүсэлтэй хөгжиж буй орнуудад хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламж үзүүлэх замаар АХБ-ны хөгжиж буй гишүүн орнуудыг цахим шилжилт, уур амьсгалын өөрчлөлт, хүн амын шилжилт хөдөлгөөн, хурдацтай хотжилт бүхий ирээдүйд бэлдэхэд нь туслах юм.
Дэлхийн хүүхэд, залуучуудын бараг тэн хагас нь бага дунд орлоготой орнуудад амьдарч байна. Эдгээр орнуудад боловсрол, ур чадварын салбарт хөрөнгө оруулах нь эдийн засгийн урт хугацааны өсөлтийг дэмжиж, дэлхийн эрүүл мэнд, уур амьсгал, эрх тэгш байдлын зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй.
ОУБСС-ийн санхүүжилт авах боломжтой АХБ-ны хөгжиж буй гишүүн орнуудад Бангладеш, Энэтхэг, Монгол, Пакистан, Папуа Шинэ Гвиней, Филиппин, Шри Ланка, Тимор-Лесте, Узбекистан, Вьетнам улсууд орж байна.
ОУБСС-ийн санхүүжилттэй төслүүд нь сургуулийн өмнөх боловсролоос эхлээд ерөнхий боловсрол, техникийн болон мэргэжлийн боловсрол, ур чадварын хөгжил, дээд боловсрол хүртэлх боловсролын бүхий л түвшинд АХБ-ны хөтөлбөрүүдийг дэмжих боломжтой.