НИТХ-ын сонгуульд БЗД-ийн 4-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Жаргалсайхан
Үе үе нүүр дүүрэн инээмсэглэл тодруулж, зангианыхаа хавчаарыг тэгшлэх зуураа үргэлжлүүлэн ярих энэ залууг Б.Жаргалсайхан гэдэг. Тэр өөрийн хүч хөдөлмөрөөр бизнесээ хөл дээр нь босгож, ахуй амьдралаа цэгцэлж чадсан шиг ээ одоо өөрийн “өндийж боссон” төрөлх хотоо өөрчлөхөөр нэрээ дэвшүүлжээ. Түүний зорилго бол хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй хотыг дахин төлөвлөж, бүтээн байгуулах. Б.Жаргалсайханы өсөж төрсөн орчин, хүмүүжил, төлөвшлөөс гадна бидний өнөөгийн байгаа орчин, аюул эрсдэл, эмх замбараагүй байдал нь түүнийг бидний ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө чадах бүхнээ хийж энэ нийгмийг өөрчлөх ёстой гэсэн эрс шулуун шийдвэр гаргахад хөтөлжээ.
- Сонгуульд нэрээ дэвшүүлж олон нийтийн өмнөөс төр төлөөлж ажиллах эрх авна гэдэг их хичээл зүтгэл бас сэтгэл шаардсан ажил. Яагаад нэр дэвших болов?
- Би сурагч байхаасаа л олон нийтийн ажилд идэвхтэй оролцож ирсэн. Дараа нь оюутны холбоо, нутгийн зөвлөл гээд л олон нийтийн төлөө ажлыг тасралтгүй хийж байна. Багаасаа хийсээр дадал болчихсон юм шиг санагддаг. Бас үүнийг хийх ёстой, олон нийтийн ажилд заавал оролцох ёстой гэсэн хүмүүжил, төлөвшил нь манай гэр бүл, удам судартай холбоотой. Миний өвөө Улаанбаатар хотоос 1000 гаруй км алслагдсан Завхан аймгийн Цагаанхайрхан суманд морь, тэмээгээр дуудлагад явдаг эмч хүн байсан. Тухайн үед эмч ховор байсан болохоор өвлийн хүйтэн, зуны халуунд ч тасралтгүй дуудлагад явдаг тэр нутгийн авралын элч нь байсан гэж хэлж болно. Цагаанхайрхан сумын говь хангай хосолсон 100 гаруй км-ийн зайтай газар морь, тэмээгээр явж явж байгаад ирэхэд нь дараагийн хүний дуудлага ирчихсэн байж байна. Дахиад л явна. Олон жил сум орон нутагтаа эмч хийж, олон хүүхдийг эх барьж авсан Балдан гэхээр манай нутгийнхан андахгүй. Нутгийнхан бол Баавай доктор, Балдан доктор гэж авгайлдаг. Тийм болохоор бусдын төлөө ажиллаж хөдөлмөрлөх, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог ийм зан чанар маань багадаа харж өссөн орчин, үлгэр дуурайлалтай холбоотой. Надад чи ингээрэй гэж хэлэхгүй ч гэсэн хүссэн, хүсээгүй төлөвшил зан суртахуун болоод суучихсан юм шиг санагддаг.
Б.Жаргалсайхан гэр бүлийн хамт
- Таны дэвшиж байгаа тойрог их олон асуудалтай. Яагаад гэвэл 80 хувь нь гэр хороолол байна аа гэдэг чинь тэнд 80 мянган асуудал байна гэсэн үг. Хамгийн түрүүнд ямар асуудлыг цэгцэлнэ гэж бодож байна вэ?
- Нийслэлийн Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд “Хүүхдийн төлөө хот” гэсэн уриатайгаар орж байгаа юм. Монгол Улсад сая гурван зуун мянган хүүхэд байна. Энэ хүүхдүүд ижил тэгш орчинд, эрүүл чийрэг өсөж хүмүүжиж ирээдүйд улс орноо авч явах эрдэм боловсролтой хүмүүс болж төлөвших баталгаа байна уу гэвэл үгүй. Нэг хотод байгаа хүүхдүүд хэрнээ харилцан адилгүй байна. Миний дэвшиж байгаа Баянзүрх дүүргийн 4-р тойрог буюу зүүн бүсийн 18 хороонд энэ дүүргийн гэр хорооллын 70 орчим хувь нь байдаг. Улаанбаатар хотын гэр хорооллын амьдрал ний нуугүй хэлэхэд зарим аймгийн төвийн гэр хорооллоос доогуур түвшинд оччихоод байна. Жишээ нь Увс аймаг, Өмнөговь аймгийн гэр хороололд шугам сүлжээ орчихсон, гэртээ халуун хүйтэн устай болчихсон. Тэгэхэд манай Баянзүрх дүүргийн алслагдсан хороодод дэд бүтэцгүй, амьдрах орчин хүнд байна. Жишээ нь өвлийн хүйтэнд хүүхдүүд хальтиргаатай шороон замаар маш хол хичээл сургуульдаа явдаг. Гудамж нь ямар ч гэрэлтүүлэггүй, камер байхгүй, гэмт хэргийн золиос болж мэдэх ийм газар олон байна.
- Та үүнийг яаж шийдэх вэ?
- Одоогоос 11 жилийн өмнө Ардчилсан нам засаг барьж байхдаа “Гудамж” төсөл гээд 8 байршлыг дэд бүтэцтэй болгох төслийг эхлүүлж байсан. Үүнд Шар хад, Амгалан орчмын хэсэг багтсан. Дэд бүтэц, орон сууц гэхээр бүгд өндөр өндөр байшинд орно гэсэн үг биш. Гудамжинд нь шугам сүлжээ тавиад хувийн орон сууц, хаус бариад цахилгаанаа сэргээгдэх эрчим хүч ашиглан шийддэг ийм дахин төлөвлөлтийг хийж хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Үүнтэй хамт сургууль цэцэрлэг, зам талбай, цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбайг цогцоор нь шийдэх шийдэл бол дахин төлөвлөлт. Хуучин “Гудамж төсөл” гэж нэртэй байсан ч одоо нэр нь өөрчлөгдсөн энэ дэд төвүүдийн төслийг эрчимжүүлэх хэрэгтэй.
Гудамж төсөл бол нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэх шийдэл ...
Би Улаанбаатар хотод оюутан болж ирээд Шар хаданд амьдарч байсан. Гэтэл 20 жилийн өмнө хотод орж ирээд миний амьдарч байсан Шар хадны гудамж яг л тэр хэвээрээ байна. Яагаад хөгжүүлж болохгүй байгаа юм бэ? Би бол сэтгэл дутаад байна гэж бодож байна. Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт ч юм уу дарга нарын гардаг тойрогт сонгогчиддоо таалагдах зорилгоор дэд бүтцийн ажил явуулаад байна. Харин яг адилхан Шар хад, Амгалан орчмын бүс нутагт ерөөсөө дэд бүтцийн ажил хийгдсэнгүй. Саяхан 9-р сард баталсан нийслэлийн төсөвт 2.1 их наяд төгрөгөөр Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийг тойрч, орон сууцжуулах хөтөлбөр баталсан. Гэтэл манай тойрог дээр нэг ч төгрөг байхгүй. 11 жилийн өмнө яригдаж байсан зүйл одоо ч хэвээрээ байна. Нийслэл хотын бүх ард иргэдээ, ялангуяа хүүхдүүдийг бодож ажил хийхгүй байна. Тийм учраас бид үүнийг хийхийн төлөө, шийдэхийн төлөө баг хамт олноороо дэвшиж байгаа юм.
НИТХ-ын сонгуульд БЗД-ийн 4-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн хамт.
- Яагаад сэтгэл дутаад байна гэж? Мөнгө дутаад байгаа юм биш үү?
- Мөнгө хангалттай байна. 2012-2016 онд Ардчилсан нам засаг барьж байхад төсөв багатай байсан. Одоо бол нийслэл хот өөр болчихсон шүү дээ. Нийслэл өөрөө төсвөө захиран зарцуулж, татварынхаа орлогыг өөрөө авдаг болсон. Нийслэлийн төсөв хэдэн их наядаар хэмжигдэж байна шүү дээ. Ногоон автобусны хэргээс эхлээд янз бүрийн мөнгө угаалт, цавчаанууд байна гэдэг чинь мөнгө хангалттай байгаа ч зөв зарцуулахгүй байна гэдгийг илтгэж байгаа юм.
- Мөнгийг ижил тэгш, хүртээмжтэй хуваарилж зөв зүйлдээ зарцуулахгүй байна гэж та хэллээ. Та төлөөлөгч болвол ямар зарчим баримтлах вэ?
- Хүүхэд амьдрахад таатай орчныг л бий болгоё. Буруу төлөвлөлтөөр замбараагүй газар олгож байшин барилга бариад галын машин ч орох зай завсаргүй, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж барих газаргүй болтол нь хуваагаад авчихсан. Харин одоо дахин төлөвлөлтийг зөв хэрэгжүүлэх боломжтой. Эхнээс нь зөв бодлогоор цэгцтэй, төлөвлөлттэй, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх нь чухал байна. Нэг айлын хашааг нь аваад байр өгөөд орхихын оронд тэр орчинд нь хүүхэд тоглох, сурч боловсрох таатай орчныг нь бүрдүүлээд өгөх боломжийг дахин төлөвлөлтөөр бүрдүүлнэ. Яагаад хүүхэд тоглоомын талбайд тоглох гээд хаа байсан Баянхошуунаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирэх ёстой юм бэ? Тэгэхээр гэрийнхээ хажууд чөлөөтэй тоглодог, хичээл сургуулиа тараад өөрсдийн сонирхсон, дугуйлан дамжаанд хичээллэх ийм боломжийг гэр суруулийнх нь ойр орчимд бий болгох тэр боломжийг бүрдүүлэх нь бидний зорилго.
Наро Банчэн гэгээнтний хамт
Б.Жаргалсайхан оюутны байранд амьдарч байхдаа ажил, бизнесийн гараагаа эхэлсэн. Тухайн үед оюутнууд хичээлийн бус цагаар ихэвчлэн бар, рестораны зөөгч, хамгаалагч, бармен хийнэ. Тэр ч мөн ялгаагүй ийм л ажлаас эхэлсэн. Харин ингэж ажиллаж байхдаа ийм төрлийн бизнес эхлүүлэхээр шийдэж, авга эгчтэйгээ хамт түрээсийн хэлбэрээр ажиллуулж үзсэн гэдэг. Хэсэг хугацаанд ажиллуулсны дараа эгч нь Солонгос явахдаа түүний гуйснаар итгэж хүлээлгэж өгөөд явсан нь өнөөгийн бизнесийн үндэс суурь нь болсон байна. Эхний гурван жил ашиггүй ажиллаж, ээжээрээ цалингийн зээл авахуулж, түрээсийн байрнаасаа хөөгдөх дээрээ тулж явсан ч бизнесээ хөл дээр нь босгож чаджээ. Ингээд өнөөг хүртэл тогтвортой, тууштайгаар бизнесээ өргөжүүлсээр яваа аж. Анх аялал жуулчлал, зочид буудал, ресторан, зоогийн газар зэрэг үйлчилгээний бизнес эрхэлж байсан бол одоо хөдөө аж ахуй, газар тариалан, машин механизм зэрэг олон салбарт бизнес хийж байна. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарт анхаарч хэд хэдэн төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Түүний хувьд газар нутгаа ухаж байгалийн баялгаар улс орныхоо эдийн засгийг чирч явахаас илүүтэйгээр байгаа юм аа гаднынханд үзүүлэх нь эдийн засгаа солонгоруулах бас нэгэн чухал чиглэл гэдгийг онцолсон юм.
- Хүмүүс улс төрд орж байгаа хүмүүсийг ихэвчлэн бизнесээ өргөжүүлэх гэж байна. Эсвэл эрх мэдэлд шунаж байна гэж шүүмжилдэг. Та үүнд ямар тайлбар хэлэх вэ?
- Миний хувьд улс төрийг ямар нэгэн байдлаар ашиг хонжоо, эрх мэдэл гэж харах шаардлага байхгүй. Би ямар ч гэсэн өөрийн амьдрал ахуйгаа босгож, ажилчдынхаа цалинг мөнгийг өгөөд улсдаа татвараа төлөөд явж байна. Ингээд өөрийнхөө биеийн амрыг бодоод хувиа хичээгээд яваад байвал амар л даа. Илүү дутуу юманд санаа зовохгүй амиа бодоод суувал амар. Гэхдээ би тийм төрлийн хүн биш. Багаасаа олон нийтийн ажилд оролцсон учраас тэр зан чанар маань намайг хөтөлсөн. Улс төр гэдэг бол олон нийтийн төлөөлөл болж тэдний дуу хоолойг анхан шатанд, дунд шатанд, дээд шатанд хүргэдэг. Тэр хүмүүсийнхээ асуудлыг шийдэхийн төлөө зүтгэдэг ийм л зүйл гэж боддог. Магадгүй улс төрд орсноороо миний бизнес цаашаа улам томорно гэхээсээ илүү харин ч хүндрэлтэй болчихож магадгүй. Яагаад гэхээр би зөвхөн бизнестээ гаргах байсан цагаа олон нийтийн төлөө зарцуулж байгаа болохоор миний бизнес харин ч эсрэгээрээ өсөж дэвших хурд нь саарч магадгүй гэж бодож байна.
- Улс төрд эрсдэл, аюул байгаа гэдгийг та өөрөө мэдэж байна. Гэхдээ хүмүүсийн төлөө явна аа гэж байна. Юу нь тэгээд сайхан юм бэ?
- Миний хамгийн их урам авдаг зүйл бол хүмүүсийн баярлалаа гэсэн үгийг сонсох, баярласан сэтгэгдлийг нь хараад мэдрэх л байдаг. Хүмүүст тус болчихоод түүнийхээ хариуд баярлаж байгаа хүмүүсийн эерэг сэтгэгдлийг харах миний хувьд хамгийн гоё мэдрэмж, аз жаргал авдаг зүйлүүдийн нэг.
- Жишээ нь?
- Миний хувьд сумынхаа Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга хийдэг. Манай нутгийн зөвлөл жил бүр ахмадуудаа баярлуулдаг. Аав ээж, өвөө эмээг маань мэддэг тэр ахмад сайхан буурлуудынхаа үгийг сонсож, баярласан сэтгэгдэл, урам магтаалын үг сонсоход маш их эрч хүчийг өгдөг. Их сайхан байдаг.
Төрж өссөн нутаг Завхан аймгийн Цагаанхайрхан сумынхаа түүх 100 жилийн ойн үеэр нутгийн ахан дүүсийн хамт.
- Зангианыхаа хавчаарыг байн байн тэгшлээд л байх юм. Ямар учиртай юм бэ?
- Миний өвөө эмч хүн байсан болоод ч тэр үү, маш их цэмбэгэр хүн байсан. Маш цэвэрч нямбай хүн. Тэр сайхан зан чанарыг нь дагаж явахыг хичээдэг. Би наймдугаар анги төгсөх улсын шалгалт өгч байгаад шалгалтынхаа материалыг баллаад солиулах гэсэн чинь манай нэг багш “Чи чинь Балдан гуайн хүүхэд байж, юмыг ингэж баллаж сохолж солиулна гэж юу байхав дээ. Балдан гуай чинь ёстой цэмбэгэр хүн дээ” гэхэд нь тухайн үедээ өвөөгөөрөө бахархаж, бас өөрөөсөө ичсэн тохиолдол бий.
НИТХ-ын сонгуульд БЗД-ийн 4-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Жаргалсайхан
- Та ажилдаа, амьдралдаа ямар үнэт зүйл, зарчмыг баримталдаг вэ?
- Худлаа ярихгүй, эргээд уулзах нүүртэй байх ёстой. Хүний итгэлийг даадаг, хэлсэндээ байх л зарчим баримталдаг. Тэгээд аливаа зүйлд цэгцтэй, замбараатай байхыг хичээдэг.
-Тэгвэл тойргийнхоо сонгогчдод юу амлаж чадах вэ?
Би гэр хороололд хамгийн гоё орчин үеийн жишигт нийцсэн тоглоомын талбайнуудыг бий болгоно. Тэгж тойргынхоо хүүхдүүдийг баярлуулна гэж бодож байна.
Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэд нэг л стандартад амьдрах ёстой. Гэтэл зарим хэсгийн иргэдийн эрх нь зөрчигдөөд байна. Гэрээсээ гараад эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгаа нь хангагддаггүй. Харанхуй гудамжинд хальтарч унах, нохойд уруулах, гэмт хэргийн золиос болох эрсдэл маш их байна. Нэг хотын хоёр өөр хэсэгт амьдрах орчин нь тэнгэр газар шиг тэс өөр байна. Энэ хоёр өөр стандартыг ойртуулах ёстой. Бодлогоо нэг зөв тодорхойлоод нам солигдсон ч тэр нь цаашаа зөв, тогтвортой үргэлжлэх ёстой. Өмнө нь хийж байсныг өөр нам нь үгүйсгэж, зогсоодгоо болих хэрэгтэй. Сайн зүйлүүдийг нь үргэлжлүүлээд явах хэрэгтэй гэж боддог. Яг энэ бодлогоо зөв батлаад, тогтвортой, цэгцтэйгээр цааш нь аваад явбал Улаанбаатар богино хугацаанд бусад хөгжилтэй орнуудын гоё хотууд шиг болох бүрэн боломжтой.
Эмх цэгцгүй, тууштай тогтворгүй байдлаар хөгжилд хүрнэ гэж үгүй. Эхлүүлсэн бодлого шийдлээ тууштай тогтвортойгоор үргэлжлүүлж, эцсийг нь үзэж чаддаг төлөөлөгчид бидэнд хэрэгтэй. Энэ хотын бүх асуудлын суурь шалтгаан нь ч тэр эмх цэгцгүй байдлаас үүдэлтэй. Үүнийг засаж чадах, энэ шалгуурт нийцэж чадах нэгэн гэж Б.Жаргалсайханд итгэл хүлээлгэн Ардчилсан нам нийслэлийн иргэдийн төлөөлөгчид нэр дэвшүүлжээ.