Хуванцраас татгалзаж өөртөө, байгальд ээлтэй аялах санааг хуваалцаж байна.
Зуны дэлгэр улирал айлчлан ирж аялал зугаалгын цаг боллоо. Өөрсдийн эрүүл мэнддээ тустай, байгаль дэлхийдээ хор хөнөөл багатай, хоггүй цэвэр аялахад тань туслах дараах санааг хүргэж байна. Энэ бол “Эко сум” ТББ-ын санаачилсан, тэдний амьдрал, үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг, сургалтад хамрагдсан хүмүүстээ зөвлөдөг эко шийдэл юм.
Ган төмөр аяга, таваг, халбага, сэрээ, соруул, түүний цэвэрлэгч. Эдгээрийг даавуун уутанд хийгээд аялал зугаалгадаа аваад явах нь нэг удаагийн хэрэглээнээс татгалзах төгс шийдэл юм.
Байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй гал тогооны зарим хэрэгсэл. Хуванцрын хэрэглээнээс татгалзах нь таны эрүүл мэндэд болон байгальд хэрэгтэй.
Хулсан сам, шүдний сойз. Өөртөө бас байгальд ээлтэй хэрэглээ. Шүдний сойз, үсний самаа хэрэглэх бүрдээ бидний бие махбод бичил хуванцар “идэж” байгаа.
Шүдний саван, хатуу шампунь болон үндэсний үйлдвэрийн хатуу саван. Тухайлбал, шампунийн сав нь хэдэн төрлийн хуванцраас бүтэж, заримдаа төмөр орсон байдаг нь дахин ашиглах, боловсруулах боломжгүй хог болдог.
Цаасан уут. Ширхэгийн болон хуурай хоолыг цаасан уутанд хийх, хадгалах нь нэг удаагийн гялгар уутнаас татгалзах сайн шийдэл юм. Гялгар уут материалаасаа хамаараад хөрсөнд шингэхэд 400-1000 жил хэрэгтэй. Ирээдүйд хүн төрөлхтний 4-5 дахь үеийн амьдрал өрнөж байхад өнөөдөр хаясан уут байгалийг “зовоосоор” л байх нь.
Тамхины иш хадгалах сав. Тамхины иш нь хуванцрын нэг төрөл. Ил хаясан ганцхан ширхэг нь задарч байгальд шингэхэд 10 жил хэрэгтэй. Маш олон ой, хээрийн түймрийн шалтгаан нь дутуу унтраасан тамхи байдаг.
Хэрэв та нялх, бага насны хүүхэдтэй бол нойтон салфетканы оронд ийм алчуурыг хэрэглээрэй. Зөөлөн даавуун материал ашиглан өөрийн гараар хийхэд л болно. Аян замд явахдаа хэдэн ширхэг жижиг алчуурыг халуун бүлээн устай тагтай шилэнд хийгээд аваад явахад л болно. Бохирдвол угаагаад л дахиад хэрэглэчихнэ. Живх хэрэглэдэг бага насны хүүхэдтэй айл өдөрт дунджаар 25 ширхэг нойтон салфетка хэрэглэдэг гэх судалгаа байдаг ажээ.
Даавуун живх. Хүүхдийнхээ живхийг өдөрт дунджаар таван удаа сольдог гэж бодвол нэг жилийн хугацаанд 1825 ширхгийг хэрэглэх тооцоо гарч байна. Харин угаагаад хэрэглэдэг даавуун живх нь гэр бүлийн санхүүд болон хүүхдийн эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй сонголт юм.