Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байна. Дэлхийн эдийн засгийн чуулганыг жил бүр тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулдаг бөгөөд 54 дэх удаагийн чуулган “Итгэх итгэлийг сэргээх нь” сэдвийн дор эхэлсэн.
Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүд дэлхийн болон бүс нутгийн түвшинд тулгарч буй асуудлыг хамтран хэлэлцэж, олон улсын эдийн засгийн ойрын болон хэтийн ерөнхий дүр төрхийг тодорхойлдог энэ арга хэмжээнд Аргентин, Бельги, Болгар, Израиль, Ирак, Ирланд, Йордан, Канад, Кени, Колумби, Латви, Литва, Нидерланд, Польш, Серби, Украин, Унгар, Франц, Швед, Шри Ланка, Эквадор зэрэг 30 гаруй орны төрийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгч хатагтай Виола Патришиа Амхердтай уулзсан. Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Талууд түүхэн ойгоо өргөн хүрээнд тэмдэглэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлнэ гэдэгт итгэж буйгаа Ерөнхий сайд илэрхийллээ. Швейцарын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд манай улсын хөдөө аж ахуй, уул уурхай, боловсрол болон нийгмийн бусад салбарт амжилттай хэрэгжсэн төслүүд нь ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой байсан юм.
Цаашид Монгол, Швейцарын байгаль, цаг уурын төстэй байдлыг харгалзан өвлийн аялал жуулчлалыг манай улсад хөгжүүлэх боломж, манай улсын хилийн цэргийн чадавхыг бэхжүүлэх чиглэлд хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар санал солилцов.
Ерөнхий сайд Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгч Тарман Шанмугаратнам-тай уулзлаа. Ерөнхий сайд Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлалаар тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход хоёр тал нягт хамтран ажиллаж буйд сэтгэл хангалуун байгаагаа онцлоод цаашид Сингапур улсаас орон сууцжуулах туршлага, загвараас суралцаж, Монгол Улсын нөхцөл байдал, газар зүйн онцлог, уур амьсгал, санхүүгийн чадамжтай уялдуулан хот байгуулалт, орон сууцны төлөвлөлт, загвар, технологи, менежментийг нутагшуулах чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Мөн хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх боломжийг судалж, аялал жуулчлал хөгжүүлэх замаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах боломжуудын талаар санал солилцсон байна.
Ерөнхий сайд Европын сэргээн босголт хөгжлийн банкны ерөнхийлөгч Одил Рена Бассотой уулзлаа. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд тус банк Монгол Улсын Засгийн газрын болон хувийн хэвшлийн нийт 137 төсөлд зээл болон хөрөнгө оруулалт хэлбэрээр санхүүжилт олгосон нь эдийн засгийг төрөлжүүлэх, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болсныг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Мөн Улаанбаатар-Дарханы чиглэлийн замд нэмэлт хоёр эгнээ барих төслийг хамтран хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлээд цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал, Монгол Улсад нэн тулгамдсан нийслэлийн авто замын дэд бүтэц, гарц, метро барих, хилийн боомтын шинэчлэл, боомт чиглэлийн зам барих төслүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтаар сэргээгдэх эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй төслүүдийн талаар мөн ярилцаж, салхин цахилгаан станцын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх нь Монгол Улс ногоон эрчим хүчинд шилжихэд томоохон хувь нэмэр болно гэдгийг талууд онцолсон юм. Иймээс Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ногоон хөгжил, эрчим хүчний сэргэлтийг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны ерөнхийлөгч Одил Рена Бассо илэрхийллээ.
Монгол Улсын Засгийн газрын авлигатай хийж буй тэмцлийг үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ Транспэрэнси Интернэшнл байгууллагын ерөнхий захирал Франсуа Валериан илэрхийллээ.
Ерөнхий сайд түүнтэй уулзах үеэрээ Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлаж, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” баталж, авлигатай хийх тэмцлийг системийн түвшинд авч үзсэн учраас өмнөх жилүүдээс илүү олон авлигын хэрэг илчлэгдсэн. Тиймээс 2023 оны Авлигын төсөөллийн индексээр Монгол Улсын авлигын үзүүлэлт хойш татагдах байх. Авлигын төсөөллийн индексээр ухрах нь авлигачдад өөрсдийгөө хамгаалахад таатай шалтаг болох эрсдэлтэй. Иймд Монгол Улсын энэхүү бодит нөхцөл байдлыг авч үзэх нь авлигатай хийх тэмцэлд чухал нөлөөтэй гэж хүсэж байгаагаа илэрхийлсэн юм.
Транспэрэнси Интернэшнл байгууллагын ерөнхий захирал Франсуа Валериан “Авлигын олон асуудлыг ил болгосон нь хэсэг хугацаанд тухайн улсынхаа нийгэмд бухимдал үүсгэж, үл ойлголцолд хүргэж болох ч гэлээ авлигатай тэмцсэнээр эдийн засаг хүртээмжтэй болж байгааг иргэд, олон нийт ойлгож дэмжсэнээр ялах боломж нэмэгддэг. Тиймээс бид авлигатай тэмцэж тэмцэж байгаа Монгол шиг орныг цаашид ч дэмжсээр байх болно” гэв. Мөн шүгэл үлээгчдийг эрх зүйн орчноор хангахад илүү анхаарах хэрэгтэйг зөвлөлөө.
Монгол Улсын Ерөнхий сайд чуулганы үеэр олон улсын үндэстэн дамнасан корпорациудын тэргүүн нартай уулзаж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын талаар хамтран ажиллах санал солилцоно. Мөн сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хот төлөвлөлт, цахим хөгжил, мэдээллийн технологи, аялал жуулчлал, олон улсын маркетингийн хамтын ажиллагааны чиглэлээр 30 гаруй уулзалт төлөвлөөд байна.
Дэлхийн эдийн засгийн чуулган энэ сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ.