10 сарын 01, 2024
Хотын зурвас- Хүүхдээрээ “бизнес” хийдэг нөлөөлөгчдөд зориулав
Хотын зурвас- Хүүхдээрээ “бизнес” хийдэг нөлөөлөгчдөд зориулав

Зургийн эх сурвалж- Adobe stock.com

Хүнийг юу хийж бүтээсэн бэ, ямар зорилго, хандлагатай вэ гэхээс нь илүүтэй цахим орчинд хэр нэр нөлөөтэй, олон дагагчтай гэдгийг чухалчилдаг боллоо. Үүнийг нь ч сошиалд “нөлөөлөгчид” нэртэй хүмүүс талархалтайгаар хүлээн авч эхэлсэн одоо бүр хүүхдүүдээ татан оролцуулдаг болов.  

Тухайлбал, зарим монгол “нөлөөлөгч” эцэг эхчүүд хүүхдийнхээ зураг бичлэгээр хандалт авч, олны анхаарлын төвд байх хүсэлдээ улайрах хандлага их ажиглагдаж байна. Магадгүй тэд хүүхдийнхээ хөгжилтэй яриа, хайр татам зургийг нь хувийн цахим хуудастаа нийтэлж буй нь аз жаргалтай мөчөө бусадтай хуваалцах хүсэлтэй байж болох юм. Гэвч өнөөдөр цугларсан эерэг сэтгэгдэл, өндөр хандалт ирээдүйд таны хүүхдэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг ойлгох хэрэгтэй юм.  

Хүүхдийг эрхийг хамгаалах тухай хуульд хүүхдийн царай төрх, дуу хоолойг олон нийтэд гаргахдаа эцэг, эх, асран хамгаалагчаас зөвшөөрөл авах тухай заалт байдаг. Гэтэл нөлөөлөгч нэртэй, олон дагагчтай эцэг эхчүүд эрхийг нь зөрчөөд зогсохгүй, хүүхдийнхээ өхөөрдөм царай төрх, авьяас чадвар зэргийг ашиглан “бизнес” хийж байгаа нь илт мэдэгдэх боллоо. 

Хүүхдийн эрхийн төлөөх байгууллагууд насанд хүрээгүй хүүхдийн зураг, бичлэг зэрэг хувийн мэдээллийг бусадтай хуваалцахгүй байхыг уриалдаг. Цаашлаад хэрэв эцэг, эхчүүд зургийг нь цахимд нийтлэхийг хүсвэл тэдэнтэй сайтар ярилцаж, тэднээс зөвшөөрөл авах хэрэгтэй. Зарим тохиолдолд  царайг нь далдлах хэрэгтэй гэж зөвлөдөг юм байна.

Үүнийг хүүхдийнхээ толгойг мэдэн шийдвэр гаргагчид буюу хүүхдийн эрхийг зөрчигч эцэг эхчүүд анхаарах цаг болжээ. Магадгүй таны хүүхэд томрох тусам эцэг эхийнх нь өнөөдрийн хийж буй, хийсэн үйлдлүүд тэдний хувьд ичих, санаа зовох, гадуурхагдах, дарамтлуулах, бүр муугаар бодоход элдэв гэмт хэргийн сэдэл, золиос болж болох юм шүү гэдгийг анхааруулж байна. 

Хүүхдийнхээ маргаашийг бодож тэднийг хайрлая, эцэг эхчүүд ээ.