Гэрэл зургийн эх сурвалж: Buddha Production
Билгийн тооллын зуны эхэн сарын шинийн 15 буюу өнөөдөр Бурхан багшийн дүйчин өдөр тохиож, монголын бурханы шашинтнууд тэмдэглэж байна. Дэлхийн томоохон шашнуудын нэг Буддын шашныг үндэслэгч Сиддхарта Гаутамагийн эхээс эснэсэн, төгс гэгээрлийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн хэмээх эл өдрийг монголчууд “Бурхан багшийн дүйчин өдөр” хэмээн хүндэтгэн нэрлэж, хуулиараа бүх нийтийн амралтын өдөр болгосон байдаг.
Тэгвэл дэлхийн улс орнуудад эл өдрийг хэрхэн тэмдэглэдэг тухай мэдээллийг хүргэж байна.
Бангладеш улс
Эх сурвалж: Xinhua
Буддагийн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд “Будда Пурнима” гэж нэрлэдэг байна. Үйл ажиллагааны өмнөх өдрүүдэд Буддын шашны лам сүмүүдийг өнгө өнгийн гоёл, зул, лаагаар чимэглэнэ. Тухайн өдөр тус улсын төрийн тэргүүн Бурханы шашны ач холбогдол, эв нэгдлийн талаар илтгэл тавьдаг байна. Сүм хийдийн ойролцоох шашны сэдэвт үзэсгэлэн худалдаа болж, Буддагийн амьдралын тухай үзүүлбэрийг толилуулж, иргэд Бурханы шашны сургаалд суралцах, залбирал үйлдэх зэрэг олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг аж.
Бутан улс
Эх сурвалж: dailybhutan.com
Эл өдрийг “Будда Паринирвана” гэж нэрлэдэг бөгөөд үндэсний баяр нь юм. Тус улсын буддистууд Бурханы шашинт орнуудын адилаар хаврын адаг сарын шинийн 15-аас зуны тэргүүн сарын шинийн 15-ыг хүртэлх нэг сарын хугацаа болох "Сага дава” буюу буян арвижих сарын турш энэхүү баярыг тэмдэглэдэг ажээ. Энэ сарын турш гэр орон, сүм хийд, олон нийтийн газруудад буяны ариун үйлүүд, ёс суртахууныг номлосон үйл ажиллагаа болдог. Зарим сүсэг бишрэлтэн эл хугацаанд цагаан хоол идэж, хатуу дэг журмыг баримталдаг байна.
Камбож улс
Эх сурвалж: thebettercambodia
Буддагийн төрсөн өдрийг “Висак Бочеа” хэмээн тэмдэглэдэг бөгөөд улсын өнцөг булан бүрд лам нар Буддын шашны далбааг мандуулж, бадамлянхуа цэцэг, хүж, зул өргөдөг. Мөн бүх нийтийн амралтын өдөр болгож тэмдэглэдэг юм.
Хятад улс
Эх сурвалж: chinadaily.com
Хятадад энэ өдрийг Буддагийн баяр гэж үздэг. “Их весак өдрийн цэцгийн баяр” гэж нэрлэх нь ч бий. Ерөнхийдөө Буддын шашны сүмд хүмүүс очин хүж өргөж, лам хуврагуудад идээний өргөл, барьц барьдаг заншил байдаг аж.
Хонгконг
Эх сурвалж: timeout.com
Бүх нийтийн амралтын өдөр. Буддагийн гэгээрлийг бэлгэдэн дэнлүү асаахын сацуу хүмүүс сүмд очиж хүндэтгэл үзүүлдэг. Түүнээс гадна Буддагийн хөшөөг таван анхилуун үнэрт усаар угааж угаал үйлддэг нь нэгэн өвөрмөц заншил ажээ.
Энэтхэг улс
Эх сурвалж: ndtv.com
Энэтхэгт 70 гаруй хувь нь буддистууд амьдардаг хотуудад энэхүү өдрийг тэмдэглэдэг бөгөөд бүх нийтийн амралт болгон хуульчилсан байдаг. Бурханы шашны теравада урсгалыг дагагчид цагаан өнгийн хувцсыг өмсдөг бол бусад нь тодорхой кодыг дагаж мөрддөггүй аж. Гаутама Буддагийн амьдралын намтарт гардагчлан түүнд аягатай будаа өргөсөн охин Сужатагийн түүхийг эргэн санаж энэ өдөр амтат будаагаар үйлчилдэг өвөрмөц уламжлал байдаг. Эл өдрийг "Бурхан багшийн төрсөн өдөр" гэж нэрлэдэг боловч теравадагийн уламжлалаар Гаутама Буддагийн төрсөн, гэгээрсэн, нирваан болсон зэргийг тэмдэглэдэг.
Бодгаяагийн Махабоди сүмд эл өдрийг өргөн хүрээнд тэмдэглэдэг байна. Мөн сүсэгтнүүдэд Гаутама Буддагийн гэгээрлийг олж авсан Бодь модны дэргэд залбирал үйлдэх боломж олгодог аж. Харин Дели хот дахь Үндэсний музейд Бурхан багшийн ариун шарилыг олон нийтэд үзүүлдэг.
Индонез улс
Эх сурвалж: arabnews.com
Вайсак хэмээн тэмдэглэдэг бөгөөд бүх нийтийн амралтын өдөр юм. Буддын шашинтнууд Жава арлын алдарт Мендут сүмээс эхлэн дэлхийн хамгийн том Буддын сүм болох Боробудурт хүртэл томоохон жагсаалыг өрнүүлдэг.
Япон улс
Эх сурвалж: kanpai-japan.com
Эл өдөр Буддын цаг тооны бичгийн дагуу тухайн улсад дөрөвдүгээр сарын 8-нд тохиодог ажээ. Буддын бүх сүм хийд тэмдэглэдэг бөгөөд Бурхан багшийн угаал уламжлалыг гүйцэтгэдэг. Мөн арслангийн бүжиг нь Буддагийн мэндэлсэн өдрөөр хийдэг томоохон уламжлал ажээ.
Малайз улс
Эх сурвалж: wonderfulmalaysia.com
Буддагийн мэндэлсэн өдрийг “Весакийн өдөр” гэж тэмдэглэдэг бөгөөд тус улсын Буддын шашинт цөөнхийн нийтээрээ тэмдэглэдэг баяр. Улс даяар буддын сүм хийдүүдийг чимэглэж, торонд хоригдсон амьтдыг чөлөөлдөг. Хүмүүс залбирч, уншлага хийж, өглөг өргөдөг.
Мьянмар улс
Гэрэл зургийн эх сурвалж: myanmar digital news
Бүх нийтийн амралтын өдөр. Буддын шашинтнууд бодь модыг усалж, бурхны ном уншуулж тэмдэглэдэг. Хөгжим, бүжиг зэрэг урлагийн үзүүлбэрүүд тэдний баяр ёслолын нэг хэсэг байдаг.
Непал улс
Эх сурвалж: Visitsnepal.com
Балбад Буддагийн төрсөн өдрийг тавдугаар сарын тэргэл сартай өдөр тэмдэглэдэг. Балбын неварчуудын дунд, ялангуяа Шакья овгийн неварын хувьд энэ нь маш чухал ач холбогдолтой юм. Учир нь тэд өөрсдийгөө Бурхан багшийн гэр бүл харьяалагддаг Шакья овгийн мэргэдийн үргэлжлэл гэж үздэг байна. Мөн энэ өдрийг зөвхөн Шагжамүни Гаутама Будда мэндэлсэн төдийгүй түүний гэгээрлийн хутгийг олсон болон нирваан болсон өдөр хэмээн тэмдэглэдэг.
Умард Солонгос улс
Эх сурвалж: nknews.org
Энэ өдрийг зарим тохиолдолд бүх нийтийн амралт болгох шийдвэрийг Засгийн газраас нь гаргадаг аж. Хоёр солонгос задрахаас өмнө Буддагийн мэндэлсэн өдөр нь тэдний үндэсний уламжлалт баяр байсан тул одоо ч хойд Солонгосын буддын шашинтнууд тэмдэглэсээр байдаг.
Филиппин улс
Эх сурвалж: palyulph.org
Энэ өдөр бүх нийтээр амардаг. Хэдийгээр Буддагийн мэндэлсэн өдөр хэмээх боловч бүх шашны итгэл бишрэлтнүүд тэмдэглэх нь нээлттэй. Хятад, Японы адил Буддагийн хөшөөг угааж угаал үйлдэх ёсыг гүйцэтгэдэг ажээ.
Сингапур улс
Эх сурвалж: blog.giftbasketsoverseas.com
“Весак өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд тус улсад бүх нийтээр амардаг. Буддын шашны сүмүүд баяр ёслолын үйл ажиллагаа зохион байгуулж, туг, дарцаг, цэцэгсээр чимэглэдэг. Чин сүсэг бишрэлтнүүд сүм хийдэд өргөл өргөдөг ажээ.
Өмнөд Солонгос улс
Эх сурвалж: blog.onedaykorea.com
Солонгосын сарны цаг тооллын дагуу тэмдэглэдэг бөгөөд үндэсний баяр нь юм. Сарын турш бадамлянхуа дэнлүүг сүмд өлгөж, гэр орондоо болон гудамжинд дэнлүү гэрэлтүүлдэг. Буддагийн мэндэлсэн өдрөөр сүм хийдэд ирсэн бүх хүнд үнэ төлбөргүй хоол, цай өгч, "Бадамлянхуа дэнлүүний баяр" хэмээх томоохон баярыг зохион байгуулдаг аж.
Шри Ланка улс
Эх сурвалж: careerbreak.com
“Весак” гэж нэрлэдэг бөгөөд буддын шашны цаг тооны бичгээр тавдугаар сарын эхний тэргэл сартай өдөр тэмдэглэдэг. Бүх нийтийн амралтын өдөр юм. Хүмүүс шашны зан үйл хийж, байшин, гудамжийг лаа, цаасан болон хулсан хүрээтэй дэнлүүгээр чимэглэх зэргээр зөвхөн энэ өдөрт зориулсан уламжлал олонтой ажээ.
Тайвань
Эх сурвалж: taipeitimes.com
1999 оноос Буддагийн мэндэлсэн өдрийг тэмдэглэх болсон бөгөөд үндэсний баяр юм. Сүсэгтэн олон амьдралын шинэ эхлэлийг бэлгэдэн анхилуун үнэрт усаар Буддагийн хөшөөг угааж угаал үйлддэг аж.
Тайланд улс
Эх сурвалж: fanclubthailand.co.uk
“Висаха Пүжа” хэмээн тэмдэглэдэг бөгөөд бүх нийтээр амардаг. Хүмүүс сүм хийдэд цуглан номлол сонсож, өргөл өргөж, залбирал үйлдэн, маань уншдаг.
Вьетнам улс
Эх сурвалж: vietnam.travel
Буддагийн мэндэлсэн өдөр эсвэл Бурхан багшийн цэцэгсийн баяр хэмээн нэрлэн тэмдэглэдэг. Буддын шашны олон сүм хүмүүсийн анхаарлыг татсан сонирхолтой баяр ёслолыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ өдөр нь Вьетнамд болдог тэмдэглэлт өдрүүдийн нэг боловч бүх нийтийн баяр биш юм.
Австрали улс
Эх сурвалж: Buddha's birthday and Multicultural festival
Азийн орнуудаас гадна Австралид Буддагийн мэндэлсэн өдрийг тэмдэглэдэг байна. Сидней, Брисбэн, Мельбурн, Перт зэрэг хотод эл өдрийг тэмдэглэдэг бөгөөд буддын шашинтнууд тэр дундаа азиудад зориулсан үйл ажиллагааг зохион байгуулдаг аж. Эдгээр үйл ажиллагаа нь давхар жуулчдыг татах онцгой үзүүлбэр болдог гэжээ.
Бразил улс
Эх сурвалж: nipponja.com.br
Бразил улсад амьдардаг япончууд эл өдрийг өргөн хүрээнд тэмдэглэдэг бөгөөд тус улсад болдог алдартай үйл ажиллагаануудын нэг болжээ. 1966 онд анх Сан Пауло мужид Буддагийн мэндэлсэн өдөр буюу Хана Мацури баярыг тэмдэглэн, баярын жагсаал зохион байгуулж асан түүхтэй ажээ.
Канад улс
Эх сурвалж: Vesak: Buddha's Birthday Celebration
Торонто дахь Буддын шашны гурван гол сүмээс жил бүр “Весак: Буддагийн мэндэлсэн өдөр” арга хэмжээг зохион байгуулдаг. Буддын шашны сэдэвт олон төрлийн үйл ажиллагааг хийдэг бөгөөд Хятад, Шри Ланка, Вьетнам зэрэг азийн улс орны соёлыг харуулсан үзүүлбэрүүдийг толилуулдаг байна.
АНУ
Эх сурвалж: lionsroar.com
Тухайн улсад Буддагийн мэндэлсэн өдрийг тэмдэглэх нь үндэс угсаа, үндэстнээс хамааран өөр өөр байдаг. Дөрөвдүгээр сарын 8-нд япончуудын тэмдэглэдэг Хана Мацури баяр нь Калифорнийн Бэй Ариад хэдэн арван жилийн турш чухал ач холбогдолтой байжээ. Нью Йорк хотод жил бүр болдог Бадамлянхуа дэнлүүний парад нь энэ өдөрт зориулагддаг нийтэд алдартай үйл ажиллагааны нэг аж. Мөн 1963 оноос хойш Хавай муж жил бүрийн дөрөвдүгээр сарын 8-ны өдрийг Буддын шашныг үндэслэгч Сиддхарта Гаутамагийн мэндэлсэн буюу "Буддагийн өдөр" болгон тэмдэглэсээр иржээ.