Нутгийн иргэд, уул уурхайн компани хууль эрхзүйн хүрээнд харилцан ойлголцож хамтран ажиллах бүрэн боломж бий. Тэгвэл энэ боломжийг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар тавьж өгөөд байна.
Тодруулбал, тус байгууллага Европын холбооны санхүүжилтээр “Уул уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд талуудын оролцоог нэмэгдүүлэх замаар Монгол орны ард иргэд, мал сүргийн эрүүл амьдрах орчинг бүрдүүлэх ба байгаль орчныг хамгаалах нь” төслийг 2017-2018 онуудад хэрэгжүүлсэн юм. Энэ төслийн үндсэн зорилго нь уул уурхайн шийдвэр гаргалтад холбогдох талуудын тэгш оролцоог хангах хамтын ажиллагааны тогтолцоог бий болгох явдал байв. Мэдээж эхлээд талуудын оролцоог хангасан уулзалтыг удаа дараа хийж ойлголт өгсөн. Ингээд талуудын оролцоог хангасан хамтын ажиллагааны хороо байгуулах ажилд орсон байна, мэдээж хууль эрхзүйн хүрээнд. Хэдийгээр хамтын ажиллагааны хороо байгуулагдах хууль, эрх зүйн боломж байгаа хэдий ч уг хамтын ажиллагааны хорооны ажиллах журам, ямар эрх хэмжээтэй байх, ямар шийдвэр гаргах, зэрэг нөхцөл байдал тодорхойгүйгээс уг хороо тогтвортой, үр дүнтэй ажиллахад хүндрэлтэй байв. Ялангуяа уг хороонд иргэдийг оролцуулах, мэдээллийн ил тод байдлыг хангах явдал учир дутагдалтай байлаа. Тиймээс энэхүү Хамтын ажиллагааны хорооны ажиллах журмыг 2018 онд анхлан боловсруулсан.
Ингээд “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ”-г байгуулахад оролцох, хяналт тавих, гэрээний биелэлтийг дүгнэх чиг үүрэг бүхий Хамтын ажиллагааны хороог Увс аймгийн Бөхмөрөн суманд байгуулж, журмыг Засаг даргын захирамжаар 2018 оны 3-р сард баталсан бөгөөд энэ нь Монгол Улсын хэмжээнд анхны санаачилга, туршлага болж чадсан түүхтэй. Улмаар 2018 оны есдүгээр сард ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэн өөрчлөлт оруулан баталсан ажээ.
Увс аймгийн Бөхмөрөн сумын Хамтын ажиллагааны хорооны дарга Н.Баттулга "Хамтын ажиллагааны хорооны журамд заасны дагуу Уул уурхайн компанийн төлөөлөл 2 хүн, ЗДТГ-ын төлөөлөл 3 хүн, тухайн нөлөөллийн бүс буюу Хар алтат багаас 2 хүнийг сонгодог. Багийн иргэд ИНХ-аараа Хамтын ажиллагааны хорооны гишүүнийг хэн байхыг санал хурааж шийддэг юм. Хорооны гишүүдээ жил бүр шинэчлэн баталдаг. Шинэ гишүүд хуралдаж хорооны даргаа сонгодог. Уул уурхайн хамтын ажиллагааны хорооны ирэх жил хэрэгжүүлэх ажлын саналыг багийн ИНХ-ын хуралдаан дээр очиж иргэдээс санал авдаг. Хамтын ажиллагааны хорооны журамд ямар ажил санхүүжүүлэхийг тусгасан байдаг бөгөөд байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалах, сум орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлийн ажил хийхээр тусгасан байдаг. Хамтын ажиллагааны хорооны төлөөлөл болох төр захиргааны байгууллага, уул уурхайн компани, нөлөөллийн бүсээс буюу иргэдийн төлөөлөл хуралдаанаараа харилцан ойлголцож, зөвшилцөж, журмын хүрээнд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэж, ирэх жилийн ажлаа төлөвлөж үйл ажиллагаа нь жигдэрч хэвшил болсон сайн талтай ” хэмээн ярьсан юм.
Хамтын ажиллагааны хороо байгуулагдаад долоон жил болсон байна. Энэ хугацаанд нүүрсний уурхайгаас нийт нэг тэрбум, 100 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийсэн байна. Хамтын ажиллагааны хорооны жил бүрийн ажлын төлөвлөгөөнд сумын нийт өрх айл бүрт хоёр тонн нүүрс үнэгүй олгож байхаар тусгасан. Энэ ажил хэрэгжээд явж байгаа аж.
Ерөнхийдөө хамтын ажиллагааны хороо сайн ажиллаж байгаад нутгийн иргэд сэтгэл хангалуун байна. Чухамдаа нутгийн иргэдийн оролцоо сайн байгаа, орон нутгийн удирдлага уул уурхайн хамтын ажиллагаа сайжирч байгаа нь Хамтын ажиллагааны хорооны ажил урагшлах том алхам болж өгч байгаа юм. Бүгд нэг зүгт хардаг, алдаа оноогоо ярьж харилцан ойлголцдог, нутгийн иргэдийн үгийг сонсдог зэрэг нь Бөхмөрөн суманд хариуцлагатай уул уурхай хөгжих боломжийг нээж өгчээ. Уул уурхайтай холбоотой энэ сайн жишээг Монгол орны өнцөг булан бүрт түгээн дэлгэрүүлж чадвал хариуцлагатай уул уурхай жинхэнэ утгаараа хөгжих боломж байгаа юм.