Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр.
Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэ онд Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр хоёр байр урагшилсан ч сэтгүүл зүйн салбарын өмнө тулгамдсан асуудал, бэрхшээлүүд хэвээр байна. Чөлөөт хэвлэлийн эрх зүйн үндсийг бүрдүүлж, үүргээ гүйцэтгэсэн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай дөрвөн зүйлтэй тунхаг төдий хуулиа өөрчлөн шинэчлэх тухай олон жил ярьсан ч тодорхой үр дүнгүй өнөөдрийг хүрлээ. Гэвч нөгөө талаас бусад салбарын хууль эрх зүйн өөрчлөлтөөр хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг хязгаарласан, хааж боогдуулсан шинжтэй зүйл заалтууд нэмэгдэж, хэвлэлийн эрх чөлөөнд саад учруулж байна.
2023 оноос хойш “Хувь хүний нууцыг задруулах”, “Худал мэдээлэл тараах”, “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх”, “Татвар төлөхөөс зайлсхийх”, “Мөнгө угаах”, “Төрийн нууцыг хууль бусаар олж авах” зэргээр сэтүүлчдэд гаргасан гэмт хэргийн талаарх 187 гомдол, мэдээллийг мөрдөх байгууллага хүлээн авч шалгажээ. Прокурорын байгууллагаас үүний 12,8 хувь буюу 24 хэрэгт мөрдөх байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэлтэй гэж дүгнэн 13 сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татжээ. Энэ хугацаанд шүүхээс хоёр сэтгүүлчийг эрүүгийн хуульд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгээд байна.
2020 онд УИХ-аас Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалтад Худал мэдээлэл тараах гэх заалт нь сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэх, шууд яллагдагчаар татах, сэтгүүлчийг цагдан хорих, ажил үүргээ гүйцэтгэх боломжийг хязгаарлах, гэрийн хорионд оруулах зэргээр хэвлэлийн эрх чөлөөг хясан боогдуулах болов. Өнгөрсөн хугацаанд энэ зүйл ангиар 20 орчим сэтгүүлч шалгагдаж, 10 гаруй нь яллагдагчаар татагдаад байгаа юм. Мөн 10 гаруй хуульд хэвлэл мэдээллийн салбар, түүнд ажиллаж буй сэтгүүлч, ажиллагсдыг мэдээлэл олж авахад нь саад болохуйц зохицуулалт бий болоод байна. Гэвч Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн тунхаг бүхий заалттай эрх зүйн орчноос өөр хамгаалалт алга. Харин буруутгасан, ял тулгасан, эх сурвалжаа хамгаалах боломжийг хаасан хууль зүйн орчин нэмэгдлээ гэж Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэдээлсэн.
Иймээс өнөөдөр салбарын нийтлэг эрх ашиг, цаашид үүсэж болзошгүй бүхий л эрсдэлээс байгууллага, редакц, хамтран ажиллагсад, салбарын мөр зэрэгцэн яваа найз нөхөд, үзэг нэгтнээ хамгаалахын тулд Сүхбаатарын талбайд “ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ГАВЛАГДЛАА” цуглаан зохион байгуулж, хууль эрх зүйн орчноо сайжруулах санаачилгад гарын үсэг зурахыг уриалж байна.
Хэвлэл мэдээллийн салбарын өмнө тулгамдсан олон асуудал хууль эрх зүйн орчинтой холбоотой ч эргээд сэтгүүлчид өөрсдөө хариуцлагатай байх ёстойг мартаж болохгүй. Нэг зоосны хоёр тал шиг хэвлэлийн эрх чөлөөний нөгөө талд ёс зүй, хариуцлага үргэлж байх ёстой. Ийм ч болохоор Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс өчигдөр “Сэтгүүл зүйн эгэх хариуцлага: Ёс зүйг хамтдаа амлая” уулзалт зохион байгуулав. Уулзалтын үеэр бид ёс зүйн мөрдлөгөө мэргэжлийн ур чадвартай хослуулснаар олон нийтийн итгэл, дэмжлэгийг авч салбарын нэр хүнд, итгэл үнэмшлээ хамгаалж чадна гэдгийг онцолж, “Хэвлэл мэдээллийн салбар дахь сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагааны үнэт зүйл, ёс зүйн мөрдлөг, зарчимдаа үнэнч байж, үлгэрлэн манлайлахын төлөө “Ёс зүйг хамтдаа амлая” уриалга гаргасан юм.
Манай редакц энэ уриалгад нэгдэж, ёс зүйтэй, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зарчимдаа үнэнч байна гэдгээ амлаж байна.