Сайн ноён хан аймгийн Үйзэн засгийн хошуу сэдэвт эрдэм шинжилгээний хурал энэ сарын 18-нд болно.
Сайн ноён хан аймгийн Үйзэн засгийн хошуу: хэл, түүх, соёл, байгаль сэдэвт эрдэм шинжилгээний хурал энэ сарын 18-нд Өвөрхангай аймгийн Төгрөг суманд болно.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг Төгрөг сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулан зохион байгуулж буй юм байна. Санаачлагч болон зохион байгуулагчид тус хурлаар дамжуулан Сайн ноён хан аймгийн Үйзэн засгийн хошуу: хэл, түүх, соёл, байгалийн асуудалд эрдэмтэн судлаачдын анхаарлыг хандуулах, холбогдох түүхэн эх сурвалж, архивын баримт, байгаль, соёлын өвийг эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах, олон нийтийн хүртээл болгох, орон нутаг судлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго тээжээ.
Сайн ноён хан аймгийн Үйзэн засгийн хошууны түүхийг товчхон өгүүлбэл, 1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхаглахад тус хошууны засаг ноён Бат-Очирт үе улиран Үйзэн засаг цол шагнаж олгосон тул түүнээс хойш Сайн ноён хан аймгийн Үйзэн засгийн хошуу буюу Агь Үйзэн вангийн хошуу хэмээн нэрлэх болжээ. 1923 онд засаг захиргааны шинэчлэлээр тус хошууг Цэцэрлэг мандлын аймгийн Арвайхээр уулын хошуу хэмээн өөрчлөн нэрийдэж Ахар уул, Бэлгэх булаг, Дэлгэрэх, Мөнх гол, Өөш уул, Мазар бүрд, Төгрөг нуур, Цагаан хэдмэг гэх сумдтай болгосон байна.
Сайн ноён хан аймгийн газрын зураг, Эх сурвалж: Монголын түүхийн тайлбар толь