Гэрэл зургийг: Pexels.com
Шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэгш төлөөллийг хангах гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харьцаа 50, 50 хувьтай байх гэсэн энгийн санаа. Үүнд ямар нэгэн хувь, хязгаар тогтоох шаардлагагүйгээр чөлөөт сонгуульд эрх тэгш өрсөлдөх боломжийг нь улс төрийн намууд бүрдүүлэх ёстой. Гэвч эхнээсээ соёл, хандлага нь төлөвшөөгүй улс төрийн намууд жендэрийн эрх тэгш байдал, тэр тусмаа эмэгтэйчүүдийн төлөөллийг хангахын тулд квот тогтоохоос аргагүй болсон. Энэ квот нь одоогийн хуулиар хамгийн багадаа 30 хувьд нь нэг хүйсийн төлөөллийг нэр дэвшүүлнэ гэсэн доод хязгаарыг зааж байгаа ч дээд хязгаар мэтээр үйлчилж, хэрэгжиж ирсэн нь шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангахад “хязгаарлалт” болж байна.
Учир нь намууд сонгуульд дөхөхөөр шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангана гэж амладаг ч үүнийгээ бодитоор хэрэгжүүлэх улс төрийн манлайлал үзүүлж, зоригтой шийдвэр гаргаж чаддаггүй. Аргагүйн эрхэнд хуулиар тогтоож өгсөн квотоо зөрчихгүйн тулд аргацааж буй мэт дүр зураг ажиглагдаж байна.
Гэрэл зургийн эх сурвалж: www.undp.org
Жилийн өмнө л гэхэд улс төрийн 10 нам нэгдэж, “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт”-д гарын үсэг зурсан юм. Тэд төлөөллийн ардчиллын институц болохын хувьд шийдвэр гаргагчидтай хамтран шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг дэмжсэн сонгуулийн тогтолцоог сонгож, нэр дэвшигчийн квотыг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах, нийгмийн бүлгүүдийн тэгш оролцоо, тэнцвэртэй төлөөллийг хангана гэж амласан. Энэ амлалтынхаа дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших нэг хүйсийн төлөөллийг 2024 онд 30 хувь, 2028 онд 40 хувь байхаар тогтоосон нь нэг том дэвшил. Мөн жендэрийн тэгш байдлыг дэмжсэн сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн гэж тайлбарлаж байна.
Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хууль
30.2.Нам, эвслээс нэр дэвшүүлэхэд 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна.
Хэдийгээр бодлогын тодорхой шийдвэр гаргаж, амлалтаа биелүүлсэн ч намын дотоод ардчиллаа сайжруулж, хүйсийн тэгш байдлыг хангах, гарааны тэгш нөхцөлийг бүрдүүлэх тал дээр асуудал урьдын хэвээр байна. Тухайлбал, УИХ-ын сонгуульд нэг нэр дэвшигчийн зардлын хэмжээ тэрбумыг давжээ. Энэ нь нэг том бэрхшээл болж байна. Мөн эмэгтэйчүүд квотын дагуу тодорхой хэмжээнд нэр дэвших эрхээ авч байгаа ч нэр дэвшигчдийн олонхыг өмнөхийн л адил эрчүүд эзлэх нь нэгэнт тодорхой болжээ.
Тэгвэл урьдчилсан байдлаар тооцоолол хийж үзье. Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар бид 126 хүн сонгоно. Үүний 48 нь намын жагсаалтаар орж ирэх юм. Хуулийн шинэ зохицуулалтаар жагсаалтад эрэгтэй, эмэгтэй нэр дэвшигчид сөөлжилж орох тул 24 эмэгтэй гишүүн суудал авах нь тодорхой гэсэн үг.
Гэтэл нөгөө талд тойрогт нэр дэвших эмэгтэйчүүдийн хувь бага байна. Тухайлбал, эрх баригч МАН-аас л гэхэд нэг тойрогт дээд тал нь хоёр эмэгтэйг дэвшүүлэх бололтой. Нэр дэвшигчдийн нэр албан ёсоор гараагүй ч 9 мандаттай нэгдүгээр тойргоос Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, 10 мандаттай хоёрдугаар тойргоос УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, 5 мандаттай 11 дүгээр тойргоос нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэг, Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан, эдийн засагч С.Даваасүрэн зэргээр нэг тойрогт дээд тал нь хоёр эмэгтэй нэр дэвшинэ гэх таамаг гарч байна. Ийм байдлаар тооцож үзэхэд эрх баригч МАН-аас 78 суудал бүхий 13 тойрогт ихээр бодоход 20 эмэгтэй л нэр дэвших тооцоолол гарна. Бусад намуудын хувьд ч мөн ялгаагүй эмэгтэйчүүдийг дэмжинэ гэж амлалт өгсөн ч одоогоор яг хэдэн эмэгтэйг ингэж дэвшүүлнэ гэж манлайлал үзүүлсэн зүйл алга байна.
Нэг намаас тойрогт 20 эмэгтэй, жагсаалтаар 24 эмэгтэй гэж тооцоход 128 хүний 34 хувийг л эзэлж байна. Намаас нэр дэвшиж буй эмэгтэйчүүдийн тоо хуулиар тогтоосон хэмжээнд хүрч байгаа ч, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл дорвитой нэмэгдэж чадахгүй нь. Сүүлийн хоёр удаагийн сонгуулиар УИХ-ын нийт гишүүдийн 17 хувийг эмэгтэйчүүдийн төлөөлөл бүрдүүлсэн. Энэ хувь нэмэгдэх нь тодорхой ч нэр дэвшүүлэх квотоосоо давж чадах эсэх нь эргэлзээтэй байна.
Хэрэв хүйсийн төлөөллийг эрх тэгш байлгах амлалтаа биелүүлье гэвэл намууд тойрогт нэр дэвшигчдийн харьцааг эн тэнцүү байлгах улс төрийн зориг гаргахаас аргагүй. Харин квотыг дээд хязгаар гэж ойлговол, Монгол Улсад төлөөллийн ардчилал бодит утгаараа хэрэгжихэд хол байна. Квот дээд хязгаар биш.